Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Moderator
2025/12/03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.

Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.

Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.

Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.

Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.

Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

НЯМ-ОСОРЫН УЧРАЛ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.80
    2025/12/03

    АХМАДУУДДАА ХҮРТЭЭМЖТЭЙ АХМАДЫН ЭМНЭЛЭГ СУВИЛАЛ ШААРДЛАГАТАЙ БАЙНА..Улсын хэмжээний ахмадын эмнэлэг яармагт шинээр баригдаж байгаа сураг дуулдаад мөн ч олон жил боллоо.Одоо 100 айлд ахмадын эмнэлэг гэж хэцүүхэн юм нэг давхрын урд хэсэгт байрлаж байна..ёстой тоног төхөөрөмж ажлын байр,ажиллах нөхцөл гээд хүртээмж гээч нь хэцүүхэн юм .хэвтэн эмчлүүлэх тасаг байхгүй.Энэ асуудлыг улсын төсөвт тодотголоор тусгаж өгнө үү..Өтөл насны ээжээ асардаг өндөр настан байна..Заримдаа ч хүн асрахтай мантай болчих юм .Хамтдаа эмнэлэг сувилалд хэвтэх боломж байхгүй.Яахав би боломжтой гэхээр ээж боломжгүй болчих юм.дүүргийн эмнэлэг лифт байхгүй.Ёстой аз болж СБД-ийн 11 хорооны өрхийн эмнэлэг маань сайн тулдаа гэрээр шинжилгээ авч үзлэг эмчилгээнд хамрагдаж байна.Гадуур эмчилгээ хийлгэх болохоор эмнэлэг тарианы үнэ дийлдэхгүй хүргэж ядаж байгаа тэтгэврийн хэдээ хойноо барих уу урдаа барих уу болчих юм даа.Юмны үнэ өсөөд амьдрал хэцүү байна шүү УИХ-ын дарга аа.Тэтгэвэрийн зээлийн хугацааг сунгах бус тэтгэвэрийг 1500..0 болгох шаардлагатай байна.Энэ үнийн өсөлтөнд зөгдөж байна шүү.Тэтгэвэр нэмэгдвэл зээл авах нь багасаж зээл ,зээлийн хүүгийн дарамтнаас чөлөөлөгдөх боломжтой.ЗЭЭЛИЙН хугацааг сунгана гэдэг чинь үнэндээ иргэдэд зээл авах сэдлийг төрүүлж хугацаа урт юм чинь гэсэн сэтгэлээр хандах хандлага нь нэмэгдэнэ.Тэгээд зээл зээлийн хүүгийн дарамтанд орно гэсэн үг.2-рт Тэтгэвэрийн зээлийн хугацааг сунгах нь арилжааны банкуудыг дэмжсэн бодлого байна.Уул нь бид таныг сонгосон. ТА ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗАЖ САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОХ ЦАГ ТОВЛОНО УУ.Энэ уулзалт намын гишүүнчлэлтэй иргэдийнх бус нийт сонгогч иргэдийн байх нь чухал шүү.

    Хариулах