"Петровис"-ийн нэрийг ашиглан шатахууны үнэ 400-500 төгрөгөөр буурсан гэх хуурамч мэдээлэл цацжээ

Moderator
2020/04/01

Өнөөдөр өглөө нийгмийн сүлжээнд “Петровис ХХК” түлшний үнээ 400-500 төгрөгөөр буулгаж, тухайлбал, АИ-92 шатахуун литр нь 1130 төгрөг болсон талаарх мэдээлэл цацагдсан. Тухайн мэдээллийг анх твиттер хуудсанд “Oyungerel Janchiv” гэх хаягаар жиргэсэн бөгөөд тухайн хаяг нь “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл бичсэн мэтээр иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа юм.

Гэвч тухайн хаяг Ж.Оюунгэрэлийн албан ёсны хаяг биш бөгөөд нэр, болон зургаа ашиглан ийнхүү мэдээлэл цацсан байна. 

Тухайн хэрэглэгч энэхүү жиргээнийхээ доор "4 сарын 1" болохыг тайлбарлан бичсэн боловч үүнийг нь уншилгүй олон хүн түгээсээр байна. 

"Энэ бол бизнесмэн хүний олон сайн чадваруудын нэг мөн, Тариалангийн үед таатай мэдээ, Янзтай жижиглэнгийн худалдаа юу, Баярлалаа ийм санаачилга гаргана байх гэж найдсан шүү" гэх мэт энэ мэдээллийг үнэн гэж хүлээн авч буй хүмүүс их байгаа юм. 

Засгийн газраас шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 200-300 төгрөгөөр бууруулах талаар мэдээлээд байгаа энэ цаг үед иргэд Ж.Оюунгэрэл хэмээн нэрээ өөрчилсөн энэхүү мэдээллийг үнэн гэж хүлээн авч байна. 

Мөн нийгмийн сүлжээнд Монголбанк 3 хувийн хүүтэй зээл гаргалаа гэх мэт мэдээлэл гарч буй тул иргэдийг хүлээн авч буй мэдээллийг хэн цацаж байгааг нягтлахыг хүсье.