Одоогоос хоёр жилийн өмнө нэг гэр бүлийн 7 гишүүн ослын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд тус хэргийг тойрсон дуулиан тасарсангүй. Гэр бүлийн гишүүдээ алдсан Бат-Өлзий саяхан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тус үеэрээ сэтгүүлчид өөрөөс нь мөнгө авсан талаар дурдсан. Харин түүнээс мөнгө авсан хэмээгдээд буй сэтгүүлч Б.Шижиртуяа энэ тухай өөрийн тайлбарыг хийжээ. Тэрээр авсан мөнгөө хэвлэлийн бага хурал болон нэвтрүүлэг, ослын тухай график хийлгэхэд зарцуулсан тухайгаа дурдсан байх бөгөөд тэрээр өөрийгөө ажлаа хийсэн хэмээн дүгнэжээ. Тэрээр энэ тухай:
"Нэг гэр бүлийн 7 хүний амь эрсэдсэн автомашины ослын талаарх нэвтрүүлэг хийж олон нийтэд цацсан, мөн хэвлэлийн бага хурлыг нь зохион байгуулсныхаа төлбөрт нэг сая төгрөг авсан монголын хамгийн нинжин сэтгэлгүй сэтгүүлч болох Бадамын Шижиртуяаг эрж олоод зодож цохиход бэлэн олон хүн байгаа бололтой.
Монголын хамгийн шударга сэтгүүлч Б.Мөнхбаясгалан миний “хэргийг” “эрэн сурвалжилж”, “илчилсэн” төдийгүй сэтгүүл зүйн салбараас хөөж зайлуулахыг уриалжээ.
Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан мэдээллийн тэнцвэртэй байдлаа хадгалаад, мэргэжлийн ёс зүйгээ баримтлаад энэхүү “хэргийн” талаар надаас асууж тодруулж болох л байлаа.
Тийм ээ, хохирогч Б.Бат-Өлзий мөнгө төлсөн. Би нэвтрүүлэг хийсэн, хэвлэлийн хурлыг нь зохион байгуулсан. Үнэн.
Гэхдээ надад болон манай редакцид мөнгө төлөөгүй юм шүү! Автомашины осол болсон тэр үеийн дүрс бичлэг хэрэв байсан бол өнөөг хүртэл энэ хэрэг сунжрахгүй байлаа. Осол яг яаж болсныг мянга яриад хэн ч үзэгчдэд харуулж чадахгүй ээ. Тийм учраас гэрчийн мэдүүлгийг үндэслэн, тэрхүү мөнгө төлж хийлгэсэн график дүрслэлийг эрхэм сэтгүүлч та ч гэсэн өөрөө ашиглаад ярилцлагынхаа дундуур үзүүлсэн юм. Надад тэр үед мөнгө байгаагүй. Үнэн, хохирогчийн ар гэрийнхэнтэй ярилцаад, тэд мөнгийг нь төлсөн юм. Би ч гэсэн яг өөр шиг чинь “яг тэр” дүрсийг л хүмүүст үзүүлэхийг хүссэн юм. Би график хийлгэчхээд мөнгийг нь төл гээгүй, “уг нь боломжтой бол хийчих юм сан” гэдгээ л хэлсэн. Хийлгэсэн нь зөв гэж үзээд л шийдвэр гаргасан гэж ойлгодог.
Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, зураглаач хөлслөөд, өөрөө найруулаад, монтажаа өөрөө хийлцээд явж байгаа манайх битгий хэл, байгуулагдаад өчнөөн жил болж байгаа, хөрөнгө оруулалт, оруулагч чинь тодорхой танай С-1 телевиз ч гэсэн хүний хийсэн графикийг ашиглаж л байгаа юм биш үү. Энэ өнөөдөр бидэнд байдаггүй зовлон юм уу. Одоо тэр график хийсэн хүнийг “эрэн сурвалжилж” олоод 7 хүнээ алдсан эх хүнээс мөнгө авдаг адгийн шаар гээд ярилцлагаараа нэрийг нь зарлах уу?!
Би хүнд туслаагүй, зүгээр л ажлаа хийсэн. Үнэн бодитоор нь, гэрчийн хэлснээр хийсэн. Төгс болсон гэж би хэлэхгүй. Хийх ёстой газар нь хийгээгүй болохоор хийсэн юм.
30 гаруй минутын метражтай нэвтрүүлгийг төлбөр авахгүй цацчих телевиз надад олдоогүй юм. Ганцхан TV-8 телевиз эфирээрээ үнэгүй цацаж өгсөн. Та тийм л нинжин сэтгэлтэй, шударга үнэний дуу хоолой юм бол энэ сэдвийн хаагуур нь хоёр жил явсан юм. Яагаад хоёр жилийн өмнө биш гэхэд нэг жилийн өмнө “үнэ төлбөргүй” хийгээгүй юм. Хийхээ байг гэхэд нинжин сэтгэлээ гаргаад яагаад нэг удаа нэвтрүүлгийг нь үнэгүй цацчихаагүй юм?! Таныг улстөр, бизнесийн бүлэглэлийн ангуучлалаа хийгээд завгүй явахад бид наад нэвтрүүлгийг чинь Фэйсбүүкт мөнгө төлөөд аль болох олон хүнд үзүүлчих гээд бүүст хийгээд явж байсан юм.
Хэвлэлийн хурлын тухайд зохион байгуулаад сүйд болсон ч юм байхгүй ээ. Хохирогч Ц.Бат-Өлзийгөөр Мэдээллийн төвд мөнгө төлүүлэхгүйн тулд АТГ-ын хашааны гадна, амь насаа алдсан 7 хүнийх нь зургийг хадганд ороож хашаан дээр нь өрж байгаад хэвлэлийн бага хурлыг нь хийлгэсэн.
Яг энэ хэвлэлийн хурлын дараа бид залгуулаад нэвтрүүлгээ цацсан. Олны анхааралд тодорхой хэмжээгээр хүрсэн гэж боддог. Ямартай ч холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваад бүтэн жил хайсан сэжигтнээ гурав хоногийн дотор олсон юм даг.
Ямартай ч, энэ хэргийн талаар нэвтрүүлэг хийж, асуудлыг хөндсөн нэг ч телевиз байхгүй байхад таны адлаад байгаа “Эх сурвалж.мн” сайт л сэжигтнийг нь хүртэл хэн болохыг илчилж байсан. Цагдаа нар хохирогчийн ар гэрийнхэнд “Сэжигтнийг олсон” гэж хэлсэн ч, хэн гэдгийг нь тас нууж байхад нь бид түүнийг ил болгосон. Үүнийхээ төлөө сэжигтний ар гэрийнхэнд редакци дээрээ шөнө орой болтол дарамтлуулж л байсан. Хэрвээ та байсан бол live хийгээд “алуурчны ар гэр дарамталлаа” гээд хашгирах байсан биз. Энэ л та бид хоёрын ялгаа байх. Үнэн гэвэл ийм л байна.
PS: Хохирогч Б.Бат-Өлзийтэй би баасан гарагт холбогдсон. “Эгч нь зүрх дэлсээд, даралт ихсээд яахаа мэдэхгүй байна. Б.Мөнхбаясгалан “Би нэвтрүүлэг хийнэ” гэхээр нь мөнгө нэхэх байх гэж бодоод “мөнгөгүй” гэдгээ хэлсэн. “Та мөнгө төлж нэвтрүүлэг хийлгэсэн юм уу” гэхээр нь “Өмнөх нэвтрүүлэгт сая төгрөг зарцуулсан” гээд хэлчихсэн. Эгч нь амьхандаа мөнгөгүй л гэдгээ ойлгуулах гэсэн чинь ийм пост оруулчихжээ. Эгч нь утасдаад нэр усыг нь битгий хэлээч гэж гуйлаа, нэвтрүүлэгт нь орохоо болимоор байдаг. “Та юунаас нь айгаад байгаа юм, нэвтрүүлэг зарлагдчихсан” гээд болдоггүй” гэж надад ярьсан.
“Санаа зоволтгүй, та ярилцлагад нь орох нь зөв. Харин ч олон хүн үзээд сайн биз ээ. Надад битгий санаа зов, бид буруу юм хийгээгүй, та ч надад буруу юм хийгээгүй. Харин ярилцлага гарсны дараа би тайлбар хийнэ” гэж хэлсэн. Үүнийг хохирогчийг сүрдүүлсэн гэж хэлж боломгүй санагдах юм.
Харин танай “Ерөнхийлөгчийн баг”-ийнхан бидэн рүү нийтлэл, мэдээгээ устгахыг шаардаж, редакцийг маань сүрдүүлэхийг оролдож байсан тохиолдлуудыг энд тоочилгүй өнгөрөөе.
Та олигархуудаас мөнгө авсан бол дуугуй л өнгөрөх байсан гэж пост хийсэн байсан. Том жийптэй нөхөр хүн дайрч алчхаад өөрийнхөө талд нэвтрүүлэг хийлгэнэ гэвэл та лав мөнгийг нь аваад хийгээд л өгөх юм байна. Та олигархуудынхаа нэвтрүүлгийг хийгээд 50 сая төгрөгөөр С1 телевиздээ зарах, би ядарсан ард иргэдийнхээ нэвтрүүлгийг чадлынхаа хэрээр хийгээд явахын хооронд үр дагаврын том ялгаа бий шүү.
Ил харагдаж байгаа үйлдэлд чинь ийм л хариу хэлье. Цаад учрыг нь харж чадах олон хүн бий, үлдсэнийг нь цаг хугацаа харуулах биз ээ!" хэмээсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ