Оффшор бүс, данс, байгууллага гэдэг үгийг ганц С.Баярцогтоор төсөөлдөг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Оффшор бүс буюу дэлхийн тэрбумтан, супер баячуудын мөнгөө хадгалуулж, хөрөнгө эргэлдүүлдэг бүсэд давхардсан тоогоор Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлээд байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд.
Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн хаврын чуулганаар МАН-ынхан “Оффшорчин улстөрчид баяртай” гэх хуулийн төслийг батлахаар хэлэлцэж эхэллээ. Өөрөөр хэлбэл өөрийн намынхаа хэд хэдэн лидерүүдийнхээ нууц халаасыг илрүүлэх гэнэ. Харин иргэний нийгмийн байгууллагууд оффшорчдыг улс төр хэмээх салбараас явуулах гэдгийг дуу нэгтэйгээр хэлсээр байна.
Уг нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу оффшорыг хориглох тухай хуулийн заалт ард түмний дунд нэлээд хүлээлт ихтэй байсан. Гэвч УИХ-аар тун удахгүй эцэслэгдэх тус хууль дэндүү зөөлөн газардлаа гэх хүмүүс олон байна. Учир нь оффшор бүсэд данстай гэдэг нь илэрсэн С.Баярцогт тухайн үед ёс зүйн хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн. Харин түүнээс хойш ихэвчлэн МАН-ын гишүүд тухайн бүсэд данстай гэдэг нь илэрсээр байгаа. Харамсалтай нь тэдний нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. Өнөөг хүртэл данстай гэдгээ үгүйсгэсээр ирсэн. Төр төмөр нүүртэй гэдэг. Тэдгээр хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэйгээс бус танилын халуун нүүрээр найр тавьж, толгойг нь илээд өнгөрөхийг ард түмэн хүсээгүй гэцгээж байна.
Одоогийн хэлэлцэж байгаа хуулиар бол оффшор данстай улстөрчдыг мөнгөө оруулж ирэхийг л шаардах гэнэ. Хэрэв хуулийн хугацаанд хөрөнгөө татахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж. Мэдээж хуулиа баталчихсан хойно, хөрөнгөө татах нь зүйн хэрэг. Гэхдээ но-той хөрөнгийг номхон зогсож байгаа л зүгээр оруулаад ирнэ гэж үү. 2008 онд Эрүүгийн хуульд “Хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах” гэдгийг гэмт хэрэг хэмээн үзэж нэмсэн. Мөн Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” нь гэмт хэрэг гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Олон улсад оффшорт данстай улстөрчдийг авлигатай холбогдсон, хөрөнгийн эх үүсвэрээ нуусан гэж үздэг. Харин аж ахуйн нэгжийг хуулийн цоорхойг ашиглаж татвараас зугтаж байгаа хэрэг гэдэг. Тэгэхээр оффшорчин улстөрчдөөс хариуцлага нэхэж, хөрөнгийх нь тодорхой хувийг улсынх болговол шударга зарчим болно. Улс оронд хөрөнгө, мөнгө шаардлагатай, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байгаа дүр зургийг улс төрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ үед хөрөнгийнхөө нэгээхэн хэсгийг улсдаа татвар болгож өгвөл буян л болно уу гэхээс бузар болохгүй.
Түүнчлэн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ХАСМ, ХОМ гаргах үүрэг бүхий 39 мянга гаруй албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд тухайн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох аж. Өөрөөр хэлбэл авлигаар олсон мөнгөө, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон бохир хөрөнгөө гэр бүлийнхээ хэн нэгний нэр дээр нууж, хуулийн хараа хяналтаас мултарна гэвэл эндүүрэл гэдгийг зарлах аж. Энэ заалт МАН-ынхны хэд хэдэн лидерт хамгийн их хамаатай.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор толгойлуулсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргад 2017 оны хоёрдугаар сарын 24-нд нэгэн тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн нь Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, олон нийтэд мэдээлэх, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болохнь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан.
Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хавсралттай. Уг хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан. Тэдгээрээс Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүд нь оффшор бүсэд данстай гэдгийг тэд зарласан. Хэрвээ хууль эцэслэн батлагдвал эдгээр хүмүүс ч дансанд байгаа хөрөнгөө эрүүлэн татахын шаардана.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Элчин сайд С.Баяр, НИТХ-ын дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мөн “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүтэй ашиг сонирхол нэгтэй гэх ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал асан Т.Очирхүү гэх МАН-ын угшил нэгтнүүд нуусан хөрөнгөө ил болгох юм. Мэдээж эдгээр хүмүүс УИХ-аас гаргасан хуулиа хүндлээд хөрөнгөө оруулж ирвэл гоё л харагдана. Харин эдгээр нуусан хөрөнгийнхөө тодорхой хэсгийг улсаад өгчихвөл бүр ч гоё харагдаж, МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард түмнээсээ том гэгчийн “кок” авах нь дамжиггүй юм.
Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид
1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээр Ерөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаан дээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсан Т.Очирхүү нарыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарын Лондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.
2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөд түүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтай холбоотой байж болзошгүй гэнэ.
3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшорт долоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 саяам.доллартай холбогдож болзошгүй.
4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байж магадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.
5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.
6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.
7. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтай холбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.
8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшорт дөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бусорлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.
11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээ зурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тай холбоотой байж болзошгүй.
12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.
13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бусгазрын наймаатай холбоотой байж болзошгүй.
24tsag.mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна