Хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхгүй Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгохоор тусгажээ


Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар олон хууль, тогтоолын төслийг бөөндөж хэлэлцсэний дунд “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” нэрнээс нь үзэхэд ямар ч гэм зэмгүй юм шиг атлаа нэдэр дээрээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж засаглалын хэлбэрийг өөрчлөх хүртэл том амбиц агуулсан тогтоолын төсөл багтсан бөгөөд гишүүд хэлэлцэхийг нь дэмжсэн юм.

 

Өнгөрсөн зуны парламентын сонгуулиас хойш эрх баригч МАН Үндсэн хуулинд дангаараа өөрчлөлт оруулах чадамжтай боллоо, боломж гарлаа хэмээн их бичиж байгаа. Энэ ч дагуу Үндсэн хуулийг өөрчлөхөөр  парламентаас Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсэг, Засгийн газраас ч мөн эрдэмтдийн ажлын хэсэг дор бүрийдээ байгуулж судалгаа хийж байр сууриа илэрхийлээд эхэлцгээсэн ба энэ ажил яв явсаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоолын төсөл болж улмаар анхны хэлэлцүүлэгт шилжээд байна.

 

УИХ-ын намрын чуулганы төгсгөлд “Зөвлөлдөх санал асуулгын тухай” Г.Занданшатар нарын санаачилсан хуулийн төслийг УИХ баталсан ба түүнээс хойш тун удалгүй анхны Зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдвээр явуулахаар эрх баригчид шийдсэн нь дээрх төслөөс тодорхой боллоо.

 

Ирэх зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт болно. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлагдсан, албан бусаар зарим нэр дэвшигчид нь тодорчихоод байгаа, өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор айсуй сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч өмнөх зарчмаар нийт ард түмнээсээ сонгогдох нь тодорхой байгаа.

 

Өөрөөр хэлбэл шинэ Ерөнхийлөгч урьдын адил өргөн эрх мэдэлтэй, хүчтэй Ерөнхийлөгч байх нь тодорхой болсон.

 

Гэтэл Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын олонхийн хамгийн туршлагатай гишүүд Зөвлөлдөх санал асуулгын төсөл санаачлан, түүндээ Ерөнхийлөгчийг хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхгүй байхаар эрх мэдлийг нь хумиж, парламентаас 6 жилээр сонгох саналыг Зөвлөлдөх санал асуулгад оролцогч цөөн иргэдээс асуухаар гэнэт шийдэж байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байна.

 

Намын хатуу сахилгад захирагддаг Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй М.Энхболд даргынхаа эрх мэдлийг хумиж, түүнийг жижигрүүлэх улс төрийн эр зоригтой зүтгэлтнүүд лав л биш.

 

Тиймээс энэ дөрөвдүгээр сарын 29, 30-нд яаран адган асуух гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдвүүд чухамдаа хэнд зориулагдсан нь онцгой анхаарал татаж байна.

 

Яаж ч яарсан одоо болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Үндсэн хуулийг өөрчилж амжина гэдэг гонжийн жоо.

Тийм атал хаврын хавсарганаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих төсөл зүтгүүлж байгаагийн цаана ямар далд санаа агуулсныг нь Politik.mn сайт Д.Лүндээжанцан тэргүүтнээс асууя.

 

Дөрөвдүгээр сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд явагдах Зөвлөлдөх санал асуулгаар доорхи сэдвүүдийг асуудал болгон асуухаар болсон байна.

 

Энэхүү санал асуулгаар:

 

-Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох

-Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах

-Засгийн газрын бүтцийг Үндсэн хуулиар тогтоож, яамдын нэрийг хуульд зааж өгөх

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох /Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын ИТХ-ын нийт гишүүдээс бүрдэнэ/

-Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах

-Төрийн эрх барих байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлыг нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах зэрэг 12 сэдвээр санал асуулга явуулах аж.

 

Эндээс гарсан санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл нь нэгтгэж Улсын Их Хуралд танилцуулах ба Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий тусгай комиссыг Улсын Их Хурлаас байгуулж, өргөн барьсан төслийг зохих хуулийн дагуу хэлэлцүүлж батлах ажээ.

 

Энэ ажлын ард нуугдаж байгаа улс төрийн зорилготой “хумс”-аа хэн рүү чиглүүлж байна вэ, 2017 оны Ерөнхийлөгч рүү юу, эсхүл 2021 оныг харж байна уу. Асуултын хариултыг энэхүү улс төрийн томоохон ажиллагааг санаачлагчид л өгөх биз ээ.

 

Эх сурвалж: POLITIK.MN