Цагдаа нар ийм харгис гэж үү?


Нийгмийн аюулгүй тайван, амар амгалан байдлыг хангах үүрэгтэй цагдаа нар өөрсдөө иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, танхайрсан гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр түгэх болжээ. Тухайлбал, таван цагдаа нийлж иргэнийг зодсон гэх хэрэг 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Бичлэгийг хүргэе.

 

 

Мөн өнгөрсөн жилийн гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн хоёр цагдаа нэгэн иргэнийг зодож хүнд гэмтээсэн гэх хэрэг гарч байв.

Төрийн цагдаад зодуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа гүн хохирсон  иргэн Д.Баатархүүгийн ярилцлагыг хүргэж байна.


-Энэ хэрэг  хэзээ болсон. Хэн гэдэг цагдаа нар таныг зодсон юм бэ?


-Энэ хэрэг энэ сарын 3-нд болсон. Тухайн өдрийн орой долоон цагийн үед хоёр цагдаа манай гэрт шууд орж ирээд “Цагдаагийн газраас ирлээ” гээд үнэмлэхээ үзүүлсэн. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч н.Мижидсамдан, н.Тулга гэсэн хоёр цагдаа байсан. Намайг “Бичиг баримтаа аваад хувцсаа өмсөөд гараад ир. Ярих юм байна” гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарсан. Тэгтэл шууд машинд суулгаад аваад явсан. Тэр машин нь цагдаагийн машин ч биш байсан.


-Тэгээд юу болсон?


-Цагдаагийн хэлтэс дээр нь очсон. Надаас цагдаа нар “Өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу” гэж асуусан, хажуугаар нь миний регистрийн дугаараар “гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгасан. “Урьд өмнө нь ерөөсөө хэрэг төвөгт холбогдож үзээгүй” гэдгээ ч би хэлсэн. Гэтэл намайг эрүүийн төлөөлөгч Мижидсамдан нь өөр нэг жижиг өрөө рүү оруулаад “Зурагт хаана байна” гэж шууд асуусан. Тэгэхээр нь би “Юун зурагт мэдэхгүй” гэсэн чинь надад нэг бичлэг хальт үзүүлсэн.


-Тэр нь ямар бичлэг байсан юм?


-“Дэлгүүрээс зурагт авч явж байгаа нэг хүний бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгийг үзүүлэнгүүтээ намайг “Чи энэ зурагтыг хулгайлсан” гээд шууд тулгасан. Учир нь нөгөө хулгай хийсэн хүн нь минийхтэй ижилхэн хар куртка, малгайтай цамцтай байсан юм билээ. Нүүр царай нь бол ерөөсөө харагдахгүй. Хувцас чинь ижилхэн гэх үндэслэлээр шууд намайг гээд  дайрсан.


Тэгтэл тэр  н.Тулга гэдэг нь “Чи бидэнд худлаа ярьж байна” гээд л яг энэ зүүн талын шанаа руу хоёр гурван удаа цохисон. Үргэлжлүүлээд өрөөнд байсан модон сандлаар зогсоо зайгүй цохиж эхэлсэн. Хажуугаар нь цээж рүү нэлээд өшиглөсөн. Тэгээд би “Юу болоод байгаа юм бэ. Яагаад намайг ингэж зодож байгаа юм” гэхээр н.Мижидсамдан нь “Намайг курткаа тайл” гэсэн. Миний курткийг шалны арчуур шиг гишгэлээд “Гараа өг” гээд гавласан. Дараа нь гарын хоёр булчин руу зогсоо зайгүй нүдэж эхэлсэн. Тэр хэргийг үүрүүлэх гээд зүтгэчихсэн. Тэгээд намайг “Газар хэвт” гэсэн. Доошоо харж хэвтүүлэнгүүтээ н.Мижидсамдан нь дээр гарч зогсоод, гавтай гарыг дээшээ гөжөөд маш хүчтэй дээш татаад байсан. Удаан тэгэхээр аяндаа хоолой боогддог юм байна лээ. Тэгээд л тэр н.Мижидсамдан нь “Бид хоёрт үнэнээ хэл” гээд л байсан.


-Та тэгж их зодож байхад үг хэлээрээ ч болов эсэргүүцэл үзүүлээгүй юм уу?


-“Намайг яагаад ингэж байгаа юм” гэж хэлэхээр  “Худлаа ярилаа чи” гээд цахилгаан бороохойгоороо намайг баахан цохисон. Зогсоо зайгүй цохиулаад ирэхээр зүрх өвдөж эхэлсэн. Би өөрөө ч зүрх муутай учраас тэр их зодуурын дарамтыг дийлэхгүйгээр зүрх өвдсөн. Тэгээд би “Миний зүрхээр өвдөөд байна. Ар гэрээс хүн дуудаад эм авчруулаад өгөөч" гэсэн. Тэгсэн эрүүлжүүлэхийн цагдаа гээд доороосоо нэг хүүхэн дуудаж авчирч ирээд даралтыг хальт үзүүлээд нүдийг нээж, гэрэл тусгаж харснаа “Чи зүв зүгээр байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд намайг тэр эмч нь “Чи юундаа янгуучлаад байгаа юм” гэж зандарчихаад гараад явчихсан. Ингээд над руу  “Чи бидэнд худлаа ярьж байна. Чи энэ хэргийг хүлээ” гээд л нэмж зодоод дайраад байсан..


-Таныг хэр удаан зодсон бэ?


-Миний баримжаагаар бараг 10 цаг зодож тамласан. Намайг “Зүрх өвдлөө” гэсэн чинь “Чи зодуулахаасаа өмнө зүрх өвддөгөө хэлэхгүй яасан юм” гэж тэр н.Тулга нь загнасан. Тэгсэн бол чамайг зодохгүй байсан гэх ухааны юм ярьсан. Манай ар гэрийнхэн аав ээж, ах, эхнэр ирчихээд “Надтай уулзмаар байна” гэж хэлэхэд ерөөсөө уулзуулахгүй, 1.30 хүртэл тэр өрөөндөө байлгасан. Тэгээд манай гэрийнхэн өргөдөл бичсэн. Тэр хооронд миний гавыг тайлж авах гэж байгаад “Баруун гарын гавыг тайлахдаа сандарч байгаад түлхүүрийг нь хугалж хаясан. Тэгээд нөгөө гав нь тайлагдахгүй байсан чинь төмрийн хөрөөгөөр шууд хөрөөдөж авч байгаа юм. Бараг гар хөрөөдөх шахам гаваа тайлж авсан. Тэгээд намайг гаргахаасаа өмнө нэг өөр өрөөнд тусад нь дагуулж ороод н.Тулга нь “За чи одоо эндээс гарч яваад эхнэр, ээж, аав нартаа зодуулсан гэдгээ битгий хэлээрэй. Эр хүний замын хүзүү урт. Дараа нь чамд цагдаагийн асуудал гарах юм бол аль дүүрэгт ч байсан хамаагүй чадахаараа чамд тусална. Чи цаашаа дарга маргад битгий хэлээрэй. Өргөдөл гомдол битгий гаргаарай” гэж надаас гуйсан.


-Би “Буруугүй байж яахаараа ингэх ёстой юм бэ” гэсэн. Намайг үсдээд миний үснээс шатаана энэ тэр гээд л н.Тулга нь их доромжилсон. Тэгээд л “Чи энэ зурагтыг хаана хийснээ хэл”  гээд л дайраад байсан хүмүүс шүү дээ. Энэ бүхний эцэст миний хэрэг хийгээгүй нь тодорхой болсон болохоор суллаж явуулж байгаа юм. Тэгсэн ч намайг маргааш өглөө 9 гээд ирээрэй гэсэн.


“н.Бат-Өлзий гэдэг дарга нь хоёр сая төгрөг өгье” гэсэн


-Та өглөө нь ирсэн үү?


- Тэгээд өглөө ирсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрэг хариуцсан дэд дарга н.Ганбаяр гээд хүн намайг өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэгээд надаас юу болсон талаар асуусан. Би өчигдрийнхөө болсон үйл явдлыг бүгдийг нь ярьсан. Тэгтэл “Чи нэн түрүүнд эрүүл мэндээ бодох ёстой. Чи эмнэлгээр явж наад зураг хөргөө авахуул. Эрүүл мэндээ үзүүл" гээд цагдаагийн газраас надад машин гаргаж өгсөн. Бас нэг хүн хянахаар цагдаагийн хүнтэй хамт явуулсан. Эхлээд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очиж рентген зураг авахуулсан.  Тэр нь намайг эв эрүүл байна гэсэн. Дээгүүрээ ярьсан юм уу яасан юм..  Тэгэхээр нь би “энэ дүгнэлтэд ерөөсөө итгэхгүй байна. Би хувийн эмнэлгээр үзүүлнэ” гээд 13-р хороололд байдаг “Гялс” төв дээр очсон. Тэнд очоод зураг авуулсан чинь “Миний зүүн гарын шуунд цус хуралттай, эрүүний яс цуурсан, хоёр мөрний зөөлөн эд хэт их бяцралттай,” гэсэн. Тэгээд “Гялс” төвийн эмч миний зургийг аваад “Цаад талд чинь цагдаа байгаа юм бол бидний энэ дүгнэлтэд итгэдэггүй юм. Чи шүүх эмнэлэгт заавал үзүүл. Шүүх эмнэлгээр шинжилгээ хийлгэ” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нөгөө цагдаагийн машинтай шууд шүүх эмнэлэг рүү явсан. Тэнд очтол "Заавал цагдаагийн газраас бичигтэй ирсэн тохиолдолд шүүх эмнэлэгт үзүүлдэг” гэлээ. Тэгээд би зөвшөөрөөд бүх зүйлийг баттай болгохын тулд буцаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Нөгөө н.Ганбаяр даргатай нь уулзсан. Тэгсэн миний өөдөөс “Өө хэрэггүй, хэрэггүй. Бидний зүгээс энэ дүгнэлтэнд чинь итгэж байна” гээд тухайн үедээ шүүх эмнэлгийн бичиг хийж өгөөгүй.


Шүүх эмнэлгийн бичиг хийж өгөхгүй болохоор нь ЦЕГ-ийн Ёс журмын алба руу нь дуудлага өгсөн.  Тэнд н..Мөнхзул гээд хүн ирсэн. Надаас байцаалт аваад бас намайг зодсон н.Мижидсамдан, н.Тулга гэх хоёр цагдаагаас байцаалт авна гэсэн. Би байцаалт авсныг нь хараагүй. Энэ үйл явдал бол тав дахийн орой. Тэгээд надад нэг дэх өдөр танаас тусгай байцаалт авна. Ямар нөхцөл байдал үүссэн, энэ бүхнийг тогтооно гэсэн. Нэг дэх өдөр намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудсан. Очтол шинэ байцаагч дээр чамайг томилсон гэсэн. Ингээд би тэр шинэ байцаагчид нь бүх болсон зүйлийг ярьсан юм.


Ингээд энэ өдрөө “Ёс журмын хэлтэс” рүү дахиад очсон. Очоод “Надад шүүх эмнэлгийн бичиг хэрэгтэй байна. Эрүүл мэндийнхээ шинжилгээг тодорхойлуулж, эмчилгээ хийлгэмээр байна” гэсэн. Тэгтэл намайг “Ёс журмын алба”-ны н.Ариунбат дарга руу оруулсан. Би дахиад л болсон зүйлээ ярив. Тэгтэл “Ёс журмын алба шүүх эмнэлгийн бичиг хийж өгдөггүй юм. Тэр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсээсээ ав. Утсаар ярьчихлаа тэндээс бичиг хийж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд буцаад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү нь очсон. Гэтэл  н.Ганбаяр дарга нь хуралтай энэ тэр гээд надад олдоогүй.


Тэгээд гурав дахь өдөр шинэ байцаагч намайг дуудаад байцаалт авсан. Энэ хугацаанд “Ёс журмын алба”-наас өргөдлөө татаад авчих. Тохиролцъё. Мөнгө төгрөг өгье” гэж н.Ганбаяр, н.Бат-Өлзий гээд хоёр дарга нь гуйгаад байгаа. Одоо ийм л нөхцөл байдалтай байна. Дунд нь би шүүх эмнэлгийн бичгээ хийлгээд эмчилгээ ч хийлгэж чадахгүй, хоёр гар байнгын янгинаж өвдөөд эрүүл мэндээрээ хохирчихоод л байж байна.

 

-Та өргөдлөө буцааж авахгүй гэхээр юу гэж байх юм?


-Би өнөөдөр өглөө (3 дугаар сарын 11)  Ганбаяр гэдэг дарга руу нь ярьсан. “Надад шүүх эмнэлгийн бичиг хийж өгөхгүй бол би хэвлэл мэдээллийнхэнд хандана. Бүх баримт бичгээ өгөөд хэргийн бичлэгийг цацлаа гэсэн чинь, “Өө чи хүрээд ир. Битгий өгөөрэй. Хоёулаа эхлээд уулзъя” гэсэн. Тэгэхээр нь яваад очтол н.Ганбаяр дарга “Надтай уулзахгүй. Бат-Өлзий гээд даргатай уулз гэсэн. Тэгсэн тэр н.Бат-Өлзий нь “Өө хоёр сая төгрөг өгье. Чадал нь тэр. Тэгээд өргөдлөө буцаагаад авчих” гэсэн. Тэгэхээр нь би “Тийм юм байхгүй ээ” гэж хэлээд гараад ирсэн. .  

 

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ?


-Маш их зовиуртай. Ялангуяа хоёр гар маш ихээр янгинаж өвдөх болсон. Намайг зодсон Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч н.Мижидсамдан, н.Тулга нараас болж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа маш их хохирлоо. 

 

Эх сурвалж: 

Д.Баатархүү зодуулснаас болж, нүүрний яс нь цуурсан болохыг эмнэлэг тогтоосон
Зөөлөн эдийн гэмтэлтэй
эмнэлгийн дүгнэлтүүд...

 

Эх сурвалж: Criminal.mn