Ээлжит сенсаци: Ертөнцийн төгсгөл энэ онд ирнэ


Шилжрэн ирсэн шинэ онд биднийг ямар хувь тавилан хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Гэвч мэддэг хүмүүс бас байдаг аж. Тэр ч байтугай ертөнцийн мөхлийн тэд олоод мэдчихэж. Харин ертөнцийн мөхөл ердөө арван сарын дараа тохиох юм байна.


Дэвид Мид хэмээх нэгэн эрдэмтний мэдэгдсэнээр, 2017 года Нибиру гэх нэгэн Х гариг дэлхийн бөмбөрцгийг мөргөж, үнсэн товрого болгох юм гэнэ. Түүний нотолж байгаагаар бол дэлхий дахины элит давхаргынхан энэ аюул заналыг эртнээс мэдэж авчихаад газар дор маш бөх бат хоргодох газар байгуулаад эхэлчихсэн гэнэ.


Энэ тухай дуулиан ч Британийн Дейли Мейл, Метро, Экспресс зэрэг хэвлэлүүдэд тарчихаж. Дэлхийн сүйрлийн зөгнөсөн энэ мэт таамаглалууд жил бүр гардаг ч гэсэн Дэвид Мидийн өгч байгаа мэдээлэл энэ удаа олон хүнд  түгшүүр төрүүлж байгаа аж. Мидийн сэрэмжлүүлсэнээр, "Нийгмийн дунд үймээн сандрал гаргахгүйн тулд эрх баригчид энэ мэдээллийг зориуд нууцалж байна. Сүүлийн үед газар хөдлөлт олширч, түлхэлт улам хүчтэй болсны дээр аянга цахилгаан урьдын хэв янзаасаа тэс өөрчлөгдөж, даялах хүрээ хэмжээгээр асар их тэлсэн. Дэлхийн цөмд ч цав гарч, ангал үүсэх нь ихэслээ. Халуун давалгаа улам хүчтэй болж, илүү удаан үргэлжлэх болсон" байна.


Ертөнцийн ээлжит сүйрлийн тухай сэрэмжлүүлэг өгч байгаа нь ганц Дэвид Мид ч биш, Нибиру гариг халдан ирж байгаад бат нот итгэсэн дэлхийн эдийн засагт томоохон жин дардаг магнат Роберт Вичину өөртөө маш найдвартай хоргодох байр барьж эхэлжээ.

"Ямар ч эргэлзээ байхгүй, ертөнцийн сүйрэл ирж байна. Энэ бол шууд Библи сударт дурьдсан бурхны цээрлүүлэл. Хэрвээ та бүхэн амьд мэнд үлдэж чадсан ч гэсэн гэмтэж бэртэж, дулааны долгионд шатаж үхэхээс наагуур, гудамжинд хархнуудтай зэрэгцэн амьдрах болно. Энэ бол амьдын там байх болно" хэмээн тэрээр өгүүлсэн байна.


 

"Эрдэмтэн" Дэвид Мидийн "Planet X: The 2017 Arrival" нэртэй номонд ертөнцийн сүйрлийн тухай аймшигтай таамаглалууд олон бий. 


Дэлхий ертөнцийн сүйрлийг зөгнөж, онол дэвшүүлэх дуртай хүмүүс хэдэн арван жилийн өмнөөс Нибиру буюу үл үзэгдэх X гариг дэлхийд дөтлөн ирсээр байгаа тухай ярих болсон байна. Уг гариг Далай ван гаригийн сүүдэрт халхлагддаг учир дэлхийн бөмбөрцөг дээр одоохондоо ажиглагдаагүй гэж нотолдог аж. Гэвч энэ мэт мэдээлэл үнэндээ нотлогддоггүй учир санаа зовинохын хэрэг огт байхгүй. Хэрвээ үнэн бол Нибиру хэмээх үл мэдэх гариг дэлхийн бөмбөрцгийг аль эрт сүйрүүлчих байсан аж. Уг гариг 2015 оны есдүгээр сард  дэлхийг мөргөнө гэсэн мэдээлэл тарж байсан бол дараа нь арванхоёрдугаар сард болж хойшлогдож байж. Яг өнгөрсөн зууны жараад онд Икар хэмээх чөтгөр бүү мэд гариг ирж дэлхийг мөргөнө гэж бөөн үймээн самуун үүсгэж, холион бантан хутгаж байсантай адил.


Харин NASA-гаас энэ тухай мэдээллийг аль 2012 оноос үгүйсгэж ирсэн байна. Энэ байгууллагын албан ёсны цахим хуудсанд тэмдэглэснээр, "Нибиру гэх зэрэг гариг эрхэсийн тухай дуулиан интернэт орчинд явуулж байгаа зориудын төөрөгдүүлэл. Энэ мэт таамаглалд тодорхой баримттай үндэслэл байхгүй. Хэрвээ Нибиру буюу X гариг үнэхээр Дэлхий рүү дөхөж ирж байсан бол одон орон судлаачид хэдийнэ олж тогтоож ажиглаж байх ёстой байсан, наад зах нь сүүлийн арван жилийн хугацаанд  уг гаригийг энгийн нүдээр ч олож харах боломжтой байсан" аж.


Зарим цахим хуудасны мэдээллээр бол Дэвид Мид (David Meade) уг сэдвээр хэд хэдэн ном гаргаад байгаа бөгөөд "Үл мэдэгдэх бөгөөд нууцлаг", "Нууцат арлууд", "Гитлер Аргентинд зугтаж гарсан нь", "Х гариг – Бурхны наадааны төгсгөл" зэрэг түүний номуудад хачирхалтай олон таамаглал дэвшүүлсэн байдаг байна. Тэрээр Луисвиллийн их сургуульд одон орон судлал, эдийн засгийн ухаанаар  боловсрол эзэмшснийхээ дараа шүүхийн шинжлэн судлалаар хэдэн жил ажилласны дээр олон төрлийн судалгаа шинжилгээгээр гаршсан мэргэжилтэн болсон гэж үздэг боловч түүнд эрдмийн зэрэг цол байдаггүй нь эрдэмтэн судлаач эсэх нь маргаантай асуудал байдаг аж.


Тиймээс ертөнцийн үл тайлагдах нууцыг тайлах гэж оролддог бусад олон судлаачдын нэгэн адил тэрээр эзэмшсэн мэргэжилдээ гаршсан байж болох ч төөргдөлд орж, зарим тохиолдолд бүр хэнээрхэлд хөтлөгдсөн нэгэн байж болох юм. Тэгээд ч ертөнцийн мөхлийн талаар Нибиру гэх мэт олон янзын зөгнөл туурвидаг “эрдэмтэд”-ийн дэвшүүлсэн онол, таамаглал сүйрэл ирэх цаг хугацааг яг таг тодорхойлсон хэмээн үзэж байсан Майячуудын цаг тооллын бичигтэй адил хоосон хийрхэл болж таарах нь тодорхой билээ.


Эх сурвалж: paranormal-news.ru