Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг гаргасан байдаг. Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийн дагуу 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олимп болон Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид мөнгөн урамшуулал авах болсоор дөрвөн жил өнгөрчээ.
Зарлигт туссанаар тамирчдад олгох мөнгөн урамшууллыг жил бүр улсын төсөвт суулган олгож, холбогдох зохицуулалтыг Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн чиг үүрэг бүхий яам нь хариуцан олгодог. Одоогоор бол БСШУС-ын яам гэсэн үг. Тухайн тамирчин олимпоос алтан медаль хүртсэн бол 4 сая, мөнгөн медаль бол 3 сая, хүрэл медальд 2 сая төгрөг тус тус сар бүр авна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртвэл 2 сая төгрөг, мөнгөн медаль бол 1 сая, хүрэл медаль 500 мянган төгрөгийг улсаас урамшуулал маягаар авах эрх нь нээгддэг. Улмаар олимпоос медаль хүртсэн тамирчдад 120-30 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгодог билээ.

Харин сар бүр олгох мөнгөн урамшууллыг тухайн тамирчин насан туршдаа авах бөгөөд ирээдүйд төгрөгийн ханш хэлбэлзэж, сулрах бол түүнтэй уялдуулж шинэчлэн тогтоож байхаар зарлигт тусгагдсан байдаг. Түүнчлэн хошой медалиудад журам адилхан үйлчлэхээр заагдсан билээ.
Уг урамшууллыг 2016 оны байдлаар 51 тамирчин тогтмол авч байгаа аж. Энэ онд урамшуулалд сардаа 110 сая 500 мянгантөгрөг, жилдээ 1.3 тэрбумыг зарцуулжээ. Саяхан Ахмад настны тухай болон Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд уг асуудлыг хөндөж, урамшууллыг тэгш тэнцвэртэй олгох учиртайг сануулахдаа “Байнгын хороон дээр энэ хуулийн төсөл хэлэлцэгдсэний дараа манай ахмадууд ирж уулзсан. Ахмад гавьяатууд сардаа 150, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатруудад сард 200 мянган төгрөг тэтгэвэр дээр нь нэмж олгодог юм байна. Улс хөдөлмөрийг нь үнэлээд, Ардын багш, СГЗ цолуудаар шагначихсан байхад “Та энэ хоёр урамшууллынхаа нэгийг нь л авна. Өөрөө сонго” гэдэг. Олимпоос хос медаль хүртвэл медаль бүрийн урамшуулал авч байна. Гэтэл насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд цолныхоо нэг л урамшууллыг сонгож байна. Энэ хэр шударга үнэлгээ вэ” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдэд Дэлхийн аварга, олимпоос медаль хүртэж, насан туршийн урамшуулал авахаар болсон тамирчдын нэрийн жагсаалт, жилд зарцуулагддаг мөнгөн дүнгийн талаархи тойм мэдээлэл давхар тараагдсан байв.
Жагсаалтаас үзэхэд, 2016 онд сар бүр тамирчны урамшуулал авдаг 51 хүнээс 11 нь ахмад настан юм байна. Тодруулбал, Ж.Мөнхбат аварга 3.5 сая, Х.Баянмөнх аварга 7 сая, З.Ойдов 7.5 сая, Ч.Дамдиншарав 2 сая төгрөг зэргээр урамшуулал авдаг аж.
Харин олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр аварга 7 сая, П.Сэрдамба 5.5 сая, Х.Цагаанбаатар 4.5 сая, Н.Төгсцогт, Д.Баатаржав нарын тамирчид 4 сая, О.Гүндэгмаа 3.5 сая зэргээр сар бүр урамшуулал авдаг юм байна.
УИХ-ын гишүүдийн хөндсөн гол санаанууд нь 2013 оноос тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгоод байхад 2016 оны олимпийн амжилт 1990 он руу ухарсан, 51 хүнд жилдээ 1.3 тэрбум төгрөг өгч байхаар тэнцвэртэй байдлаар бусад салбарт урамшуулал хуваарилах зэрэг асуудлууд байсан юм.
Ё.Баатарбилэг гишүүн “Улсын хэмжээнд 156 Хөдөлмөрийн баатар байна. Эдгээр хүмүүс сард ердөө 200 мянган төгрөгийн урамшуулал авч байгаа. Гэтэл олимпоос медаль хүртсэн тамирчин сар бүр 4 хүртэлх сая төгрөгийн урамшуулал авч байгаа нь хэр зохистой вэ. Ямар зарчмаар олгогдоод байгаа урамшуулал гэдгийг нь ойлгохгүй байна. Улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж буй өчнөөн урлагийнхан, эрдэмтэд ямар ч урамшуулал авахгүй байгаа. Үүнийгээ жигдлээд явчихаж болдоггүй юм уу” гэсэн байр суурь илэрхийлсэн байна.


