Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Өнгөрсөн сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Улаанбаатар төмөр зам”-ын хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх, өмнөх 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх, төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрлийг сэргээх, 10 мянган тонн вагоны хаягдал хар төмрийг Хятад руу экспортлох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
Дээрх гурван асуудалд бүгдэд нь шүүмжлэлтэй хандаж байна. Инженер хүний хувьд, эрдэмтэн хүний хувьд нүдэн дээр ийм харалган шийдвэр гаргах гэж байгаад эмзэглэж байна. Тухай бүрт нь бодлоо хэлье л дээ. Эхнийх нь “УБТЗ”-ын дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлнө гэж байна. Чөлөөлөөд зогсохгүй бүр 36 тэрбум төгрөгийн өрийг тэглэнэ гэнэ. Энэ бол эдийн засаг хүнд байгаа үед улсын төсөвт мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Миний хэлэх зүйл бол Орос-Монголын хамтарсан төмөр зам юм чинь зөвхөн Монголын тал үүнийг шийдэх биш харин ч оросууд “УБТЗ”-д нийлүүлэх дизель түлшээ хямдруулах ёстой. “УБТЗ” ашиггүй ажиллаж байж ер нь яагаад Төрөөс хөнгөлөлт эдэлж, татвараас чөлөөлөгдөх ёстой юм.
Дараагийн асуудал нь засвар шинэчлэл гэсэн нэрийн дор төмөр замын дэр моднуудыг солихын тулд арван жил хугацаанд ойгоос мод огтлох зөвшөөрөл өгөх гэж байна. Дэр модыг ойгоос бэлдэнэ гэдэг бол байгальд маш халгаатай шийдвэр. Өнөөдөр Монголын газар нутгийн 8 хүрэхгүй хувь нь ой мод. Гэтэл энэ 8 хувийн чинь 70 гаруй хувь нь хөгшин мод байдаг. Харин төмөр замын дэрийг хөгшин модоор хийдэггүй. Аюулгүй ажиллагааны талаасаа тийм ном журамтай юм. Уг нь бидэнд бетон дэрний үйлдвэр бий шүү дээ. Эхнийх нь Хөтөлд төмөр замын бетон дэр үйлдвэрлэх том үйлдвэр байна. БҮК-1 гэж бас бий. Энэ бол герман, английн технологиор бетон дэр үйлдвэрлэх шугам байгуулчихсан. Засгийн газраас захиалга өгөхөд л шууд үйлдвэрлэл эхлэх боломжтой. Ер нь өнөөдөр дэлхийн жишигт модон дэртэй төмөр зам хаана ч алга. Бас “Ган хийц” гэдэг компани байна. Энэ компани Дорнод аймагт үйлдвэрээ төмөр замын бетон дэрний байгуулчихсан. Гэтэл УИХ-ын байнгын хороогоор ийм буруу шийдвэр гаргаж байгаад би хувьдаа их гайхаж байна. Үнэхээр л модоор төмөр замын дэр хийх гээд байгаа бол яагаад заавал Монголын энэ өчүүхэн ойг сүйдлэх ёстой юм. Сая төмөр замын удирдлагууд солигдож орос дарга ирлээ. Оросын Сибириэс дэр мод хямдхан оруулж ирж болно шүү дээ.
Харин хаягдал төмрөө Хятад руу гаргах гэж байгаа тухайд юу хэлэх вэ?
“УБТЗ” дээр төмөр замын хаягдал 10 мянган тонн төмөр байгаа. Үүнийг хятад руу зарах тухай яригдаж байна. Монголын Металлургийн Холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо үүнийг эрс эсэргүүцэж байна. Тэр хурал дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тайлбар хэлж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэг тонн төмрийг 170 мянган төгрөгөөр авна. Харин Хятадын тал нэг тонныг нь 700 мянгөн төгрөгөөр авна” гэж ярьсан байна лээ. Хятадад зарах нь одоохондоо ашигтай байх. Гэхдээ ашигтай байна гээд дотоодын үйлдвэрлэлээ хөсөр хаяж болохгүй ээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол Японы хөрөнгө оруулалтаар барьсан ганц том үйлдвэр. Хамгийн гол нь энэ үйлдвэр бол хаягдал төмөр боловсруулах л зориулалттай үйлдвэр. Яагаад энэ үйлдвэрээ бодож болдоггүй юм. Түүхий эдгүй, үйлдвэр нь зогсчихсон байгаа шүү дээ. Зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч бус хотын ойролцоо байдаг арматурын жижиг үйлдвэрүүдэд ч энэ 10 мянган тонн төмөр хэрэгтэй байгаа. Түүхий эдийн ийм гачигдалтай байгаа үед өнөө маргаашын орлогоо бодоод үйлдвэрлэлийн салбараа хохироож болохгүй.
Дотоодын үйлдвэрлэлд энэ 10 мянган тонн төмрийн хаягдал их хэмжээний түүхий эд үү?
Маш их төмөр. Ерөөсөө 1990-ээд оны сүүл үеэс хойш гадагш нь нэг ч тонн төмөр гарахгүй гэж шийдвэрлэсэн байсан. Одоо Засаг, Төр бодлогоосоо ингэж ухарч болохгүй.
Засгийн газар Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барихаар болж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Харин энэ нь Монголын хилээр төмрийн хүдрийг их хэмжээгээр зөөх агуулгатай төсөл бололтой. Та бол төмрийн хүдрийг гадагш экспортлохын эсрэг байр суурьтай явдаг хүн?
Дэлхийн төмрийн хүдрийн нөөц 160-180 тэрбум тонн гэж олон улсын судалгаа бий. Үүнээс жилдээ 3 тэрбум тонныг олборлодог. Өөрөөр хэлбэл ирэх 60 жилд дэлхий дахин төмрийн хүдрийн нөөцөө барна. Монголын төмрийн хүдрийн тогтоогдсон нөөц маш бага. Нэг тэрбум тоннын л нөөцтэй. Гэтэл төмөр зам бариад зөөгөөд эхэлбэл манай улсын төмрийн хүдрийн нөөц 2020-иод онд бүрэн дуусна. Хэдэн жилийн өмнөөс Монголын Төр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харъяанд Метталлург Уул уурхайн цогцолбор байгуулна гэж ярьж байна. Хэрвээ хятад руу төмрийн хүдэр одоо байгаагаас их хэмжээгээр, бүр төмөр зам барьж байгаад зөөвөл цогцолбор байгуулахаас өмнө төмрийн хүдэргүй болно. Гэтэл зөвхөн өнөөдрийн монгол хүн энэ газар нутагт амьдрахгүй шүү дээ. Үр хүүхэд минь хэдэн зуун жил амьдарна. Ийм том газар нутагтай улс төмөрийн нөөцгүй, баялаггүй бол яаж бүтээн байгуулж, улс орон орших болж байна.
Энэ төмөр зам бол урд хөрш рүү төмрийн хүдэр зөөдөг “Болд төмөр Ерөө гол” гэдэг компанийн лобби гэх яриа байна. Энэ талаар?
“Болд төмөр Ерөө гол” компани бол Монголын төмрийн хүдрийн 70 хүртэлх хувийг Хятад руу зөөдөг компани. Гадаадын хөрөнгө оруулалтай компани шүү дээ. Өнгөрсөн онд төмрийн хүдэр олборлож, хятад руу зөөдөг компаниуд нийлээд 5.1 сая тонн хүдэр зөөсөн. Тэгэхдээ нийт 447 тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 10-хан тэрбумыг улсад төлсөн байгаа юм. Энэ бол төмрийн хүдэр зөөж байгаа компанийн л орлого болж байна. Мөн манайхаас гарч байгаа төмрийн хүдрийн үнэ бол дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямд үнэлэгддэг. Хүдэр олборлож, хилээр гаргаж байгаа компаниуд Гаалийн болон экспортын татвар төлдөггүй. Хураамж гэж тонн тутамд нь мянган төгрөг л төлдөг. Энэ бол төмөрлөгийн бодлого байхгүй, нэгэнт зөөгөөд дуусгая гэсэн л санаа юм. Тэд Баянголын уурхайг байхгүй болгосон. Одоо төмөр замаа бариад дуусгачихвал Төмөртэй, Хуст уул, Төмөр толгойн уулын төмрийн хүдрийн нөөцийг ч зөөгөөд дуусгах нь байна.
Энэ төмөр замыг барих асуудал маш богино хугацаанд яригдаад хүмүүсийн анхаарлаас гадуур явчихав уу?
Ерөөсөө 12 дугуур сарын 21-нд Засгийн газар хуралдаж Зүүн баян Ханги чиглэлийн төмөр зам барихыг зөвшөөрч, хэдхэн хоногийн дараа буюу 12 сарын 26-нд Хятадын “Си Ар И Си” компани нь энэ төмөр замын ТЭЗҮ-ийг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болсон. Ямар хурдан ажиллаж байна аа. Энэ бол аль эртнээс бэлдсэн зүйл байх. Ер нь Монголын төмрийн хүдрийг үнэгүй шахам зөөж гаргаад байгаа нь хэнд ашигтай юм бэ. Монголын ард түмэнд л лав ашиггүй. Тийм байтал манай Зам, тээврийн хөгжлийн яам энэ дээр ямар хурдтай ажиллаж байна аа. Төмрийн хүдрийг хятад руу зөөх гэж хятадуудтай маш хурдан гэрээ байгуулж, ТЭЗҮ-ээ үнэгүй хийлгэхээр боллоо гэж зураг хөрөг татууллаа.Зам тээврийн яамныханд өөр хийх ажил алга уу. Ядаж “Улаанбаатар төмөр зам”-аа зам шиг замтай болгож шинэчил л дээ.
Төмөр зам барьж хүдрээ зөөж дуусгасаны дараа төмөр зам нь хэрэггүй болно гэж ойлгож болох уу?
Төмрийн хүдрээ зөөгөөд дуусвал өөр юу зөөх вэ. Зөөх юм байхгүй. Засгийн газрын тогтоол дээр Ханги чиглэлийн энэ замаар 2018-2025 онд жилд 10-21 сая тон ачаа бараа, 2026-2046 онд 21 сая тонн ачаа бараа тээвэрлэнэ гэсэн байна лээ. Юуных нь ачаа бараа байх вэ дээ. Тэр аглаг буйдад хэний ямар ачааг урагш нь зөөдөг юм. Төмрийн хүдрийг л зөөж дуусгах гэж байна.
TIME.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна