Өмнө нь байгуулагдаж байсан Засгийн газруудтай харьцуулахад энэ удаагийн танхим илүү дуулиан шуугиантай байгуулагдлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайд нараа бүрэн томилуулж чадсангүй, эхний удаад 11-ыг нь УИХ-аар батлуулсан бол үлдсэн дөрвөн сайдын нэрийг ойрын хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар батлуулахаа мэдэгдээд байна.
Томилогдсон 11 сайдын долоо нь УИХ-ын гишүүн “Давхар дээлтэн”-үүд бол дөрөв нь парламентын гаднаас томилогдсон юм.
Сайд нарын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
“Сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон”

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон, ийм Засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Үнэхээр ийм мэргэжлийн бус Засгийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохиролтой. МАН-ыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан.
Мөн сайд нарыг нэр дэвшүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийг өрсөлдүүлж томилох байх гэж бодсон, чадсангүй. Хэтэрхий эрдэж бярдсан юм цаашдаа ямар байх болдоо гэж бодогдоно.
“МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа”

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн чинь мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана.
Хоёр дахь нь МАН-ын “Давхар дээлгүй байна” гэдэг амлалт өгч байсан нь үгүй боллоо.
Ард түмэн Ардын намыг шилдэг боловсон хүчинтэй гэж үзэн сонгосон. Харамсалтай нь, ус цацлаа”
“Таны хар ухаанд итгээд үзье”
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сангийн сайдад санхүүгийн өндөр мэдлэг чадвар, туршлагатай эдийн засагч хүнийг томилж ирсэн байтал санхүү, эдийн засгийн хямралтай үед өөр мэргэжлийн хүн гаргаад ирэхээр нь гайхаад МАН-ынхнаас асуусан. МАН-ынхан “Манай Б.Чойжилсүрэн толгой сайтай хүн, хар ухаантай хүн” гэж хариулсан.Таны толгойд, таны хар ухаанд итгээд үзье.
Монголын эдийн засаг маш хүнд байгаа. Өнгөрсөн парламентаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталж гаргасан. Гэвч төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Монгол Улсын өрөнд хамруулахгүй гэж хуулиа баталсан. Ийм юм дэлхийд байдаггүй, энэ алдааг засаж залруулахгүй бол Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 70-80 хувь руу орсон. Төсвийн алдагдал 1 их наяд гарлаа. Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ алдааг засаарай. Төсвийн реформыг бид хийж чадаагүй, бодитойгоор хийхгүй бол энэ улс маш хүнд байдалд орсон. Өнгөрсөн дөрвөн жилд төсөв, хөрөнгө оруулалт, халамжийн бодлого нь тусдаа байсан, нэг болгоорой.
“Хуулийн байгууллагыг улстөржүүлдгийг болих хэрэгтэй”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн байгууллагыг улстөржүүлдгийг болих хэрэгтэй. Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, алга болгосон асуудал байвал шударгаар шийдэх хэрэгтэй. Жагсаал цуглаан чөлөөтэй хийх боломж олгоорой.
Цэргийн байгууллагын улстөржилтийг зогсоогоорой. Намын цэрэг гэж байхгүй. Мэргэшсэн генералуудыг бодлогоор ажиллуулж яваарай.
“Уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллаарай”
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Байгаль орчны яам гэж биш байгаль хамгаалах яам гэж ойлгож ажиллаарай. Төв аймгийн Заамар сум ямар аймшигтай болсныг мэдэж байгаа. Дотроо уйлж явдаг хүний хувиар энэ асуудлыг хэлж байна. Монгол Улсын хөгжлийн гарц уул уурхай мөн үү гэдэг эгзэгтэй асуудал болоод байна. Нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалаарай. Эцэг өвгөдөөс өвлүүлсэн энэ сайхан нутгаа хайрлан хамгаалж, газрын хэвлийг нь ухах биш дээр нь тарьж ургуулж ирсэн уламжлалтай. Туул голын бохирдлыг анхаарч ажиллаарай. Алтанбулаг сумын мал Туул голын уснаас уугаад үхэж байгаа. Байгаль далай хүртэл явдаг ийм сайхан гол мөрнийг эхэн дээр нь хордуулчихаад байна.
Эх сурвалж: News.mn
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна