Ч.Санжаадамба: Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог шуудгаа арцаар утаад л гарсан.


Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбын хөлс нь хатаагүй байхад дараах асуултад тодруулга авлаа.

 

-Өмнө нь “Сайн байна уу заанаа” гэдэг байсан бол одоо “Аварга аа” гэх боллоо. Ямар санагдаж байна вэ?

 

-Заан цол сайхан ч аварга цол илүү хүндэтгэлтэй шүү дээ. Сайхан байна.

 

-Архангай нутгаас улсын баяр наадамд түрүү, үзүүрт улсын арслан Р.Пүрэвдагва та хоёр шалгарч гурав дахь тохиолдол боллоо ...

 

-Тийм. Нутгийнхаа хүчит эрчүүдийн түүхийг хадгалж яваадаа баяртай байна. Нээлээн дээхнэ төрийн баяр наадамд манай нутгийн “Аат” Д.Лувсанжамц, “Суугай” Содов нар түрүү, үзүүрт шалгарч байсан бол дараа нь даян аварга “Буур” Жамъяан, улсын арслан Ш.Төмөрбаатар нар мөн л тэргүүн байрны төлөө хүч үзэж байсан гэдэг.

 

-Р.Пүрэвдагвын барилдааныг та сайн мэддэг нь дамжиггүй. Түүнийг үзүүрлэхийн дайны бодож байв уу?

 

-Р.Пүрэвдагва өнөө цагийн иртэй бөхчүүдийн нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэр яагаад үзүүрлэж болохгүй гэж. Энэ жил түүний бэлтгэл урьдынхаас илүү сайн байгаа.

 

-Гэхдээ бөх хүнд тухайн өдрийн “од” гэж бий дээ. Од нь гийсэн бөх бараг дийлддэггүй гэж ярьдаг ...

 

-Түрүүлж, үзүүрлэх ёстой бөх тэр өдөртөө нэг л өөр байдаг гэж Монголчууд минь ярьдаг.

 

-Тэгэхээр та өнөөдөр (өчигдөр) түрүүлэх мэдрэмж сэтгэлдээ тээж байв уу?

 

-Сайхан барилдья л гэж ирсэн.

 

-Өглөө гэрээсээ гарахдаа түрүүлэх юм шиг совин төрөөгүй гэж үү?

 

-Өмнөх наадмуудын адил л барилдаа. Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог шуудгаа арцаар утаад л гарсан.   

 

-Улсын заан цолоо та дөрөв дэх удаагаа баталлаа. Долоогийн даваанаас дээш гарахгүй л байгаад байсан. Энэ жил тэр “түгжээ” ёстой л мултарсан шиг мултарлаа даа ...

 

-Наадам болгон өрсөлдөгч бүхэн өөр. Тэгээд ч та дээр “Тухай бөхийн од гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан одтой бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.

 

-Хэдийн даваа хамгийн хүнд байв аа ...

 

-Амаргүй даваа гэж байхгүй шүү дээ. Бүгд л чанга байлаа.

 

-Баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

 

-Хамгийн түрүүнд надад баяр хүргэж, үнсэх хүн бол засуул байдаг. Дараа нь Р.Пүрэвдагва. Тэгээд нутгийнхаа бөхчүүдтэй. Харин гэр бүлийнхэтэйгээ утсаар холбогдож амжаагүй байна.

 

-Улсын наадамд хэдэн жил барилдаанд аварга цолонд хүрэв ээ?

 

-15 жил. З.Дүвчин багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлж байлаа.

 

-Таныг “Заалны мангас” гэдэг байсан. Одоо төрийн наадмын аварга боллоо. Улам олон амжилт үзүүлээрэй. Хоромхон ч гэсэн ярилцсанд баярлалаа.

 

-Баярлалаа. Наадамчин олондоо дахин баяр хүргэе.

 

Эх сурвалж:MNB.MN