“Яг түүн шиг” шоуны төгсгөлийн шат маргааш болох гэж байна. Төгсгөлийн шатанд таван дуучин, нэг загвар өмсөгч үлдсэн билээ. Мэргэжлийн дуучидтай эн зэрэгцэн тунан үлдсэн загвар өмсөгч Э.Энхболдтой сүүлийн шатны бэлтгэл дээр нь уулзаж цөөн хором ярилцлаа.
-Төгсгөлийн шатанд шалгарч үлдсэнд баяр хүргэе. Дандаа мэргэжлийн уран бүтээлчидтэй тунан үлдлээ шүү дээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө өөрөөр харах боломжийг бусдад олгон ур чадвар, нуугдмал байсан бүхнээ дэлгэсэн. Харин одоо сүүлийн шатны шалгаруулалтын өмнө сэтгэгдэл ямар байна?
-“Яг түүн шиг” шоу миний хувьд маш үр өгөөжтэй сайхан тэмцээн болж өрнөж байна. Эцсийн мөч хүртэл явна гэдэг бол миний хувьд ялалт юм болов уу. Энэхүү шоунд мэргэжлийн, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн, энэ цагийн од болсон залуустай өрсөлдөн тунаж үлдсэндээ өөрөөрөө их бахархаж байна. Их догдолж байна. Маргааш энэ шоу маань сүүлийн шатандаа өрсөлдөөд өндөрлөнө. Хоёр гурван сар хамт явсан найзуудаасаа сална, дахин энэ шоундаа орохгүй гэж бодохоор нэг бодлын их гунигтай санагдаж байна л даа.

-Маргааш үзэгчдэд барих гэнэтийн бэлэг тань?
-Манай шоу сүүлийн шатанд оролцогчдод боломж олгон өөрийнхөө дуртай, чадна гэсэн уран бүтээлчээ өөрсдөө сонгодог даалгавартай. Миний хувьд бодож "Яг түүн шиг" шоу хэдийгээр дэлхийн контент боловч би өөрөө монгол хүн Монголд энэ шоу болж бхайна гэдэг утгаараа монгол уран бүтээлчээ амилуулж, алдаршуулахыг хүссэн. Миний хувьд “Хар тас” хамтлагийн Марка ахыг дуурайж байгаа. Монголчууд “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Түүнтэй адилхан рэп, хип хоп урсгалыг бүх залуус сонсож өсдөг. Марка ах бол 1990-ээд онд Монголын хамгийн анхны рэп урсгалын тулгын чулууг тавилцсан хүн. Мэдээж “Хар сарнай”, “Хар тас”-гүйгээр рэпийн салбарыг төсөөлөхийн аргагүй. Тухайн үеийн цаг залууст рэп гэж юу байдаг, хип хоп дууг хэрхэн үгэлдэг, ямар бүжиг хийдэг гэдгийг таниулж өгсөн.
Манай үеийнхэн маш сайн мэднэ. Одоо үеийн залуус сайн мэдэхгүй байж магадгүй. Тиймээс монгол тайзан дээрээ монгол уран бүтээлчээ таниулах миний бяцхан хүсэл гэж хэлж болно.
-Өнгөрсөн есөн дугаарын турш өрсөлдөхөд олон хүнд хэцүү даалгавруудын ард гарсан. Ялангуяа эмэгтэй хүний дүрд хэд хэдэн удаа хувирсан шүү дээ. Ер нь даалгавруудынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Миний хувьд эсрэг хүйстнийхээ дүрийг дуурайх бол хүндхэн байсан. Мөн дээрээс нь бүжигтэй үзүүлбэрүүд маш хүнд байсан. Надад оногдсон ихэнх дүрүүд бүжигтэй дээр нь храктер өндөртэй дуучид таарч дуурайсан. Би тэр нь хэцүү, тэр нь амархан байсан гэж хэлмээргүй байна. Угаасаа хүн бүрд өөрийн гэсэн үнэт зүйл байдаг. Миний хувьд өмнө нь хийж бүтээсэн бүхэн алдаатай ч байсан хамаагүй үнэт зүйл. Тухайн цаг мөчид өөрийнхөө сэтгэл зүрх бүхнээ гаргаж ажилласан болохоор надад энэ шоуны бүхий л дугаарууд чухал, хэцүү, сайн үзүүлэхийг хичээж ажилласан.

-Та амжилттай оролцоод тэргүүн байрын шагнал авах юм бол шагналын мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байна?
- Манай шоуны нийт шагналын сан 50 сая төгрөг. Нэг долоо хоногийн ялагч нь гурван сая, хагас финалын ялагч нь таван сая төгрөгийн шагнал авсан. Шилдгийн шилдгээр шалгарсан оролцогч 20 сая төгрөгийн эзэн болно. Үнэхээр шүүгч нар маань үнэлээд, оролцогчид маань дэмжээд, ард түмэн маань санал өгөөд түрүүлдэг л юм бол Монгол Улсёын иргэний үүрэг, залуу хүнийхээ нийгмийн хариуцлагыг ухамсарлан энэхүү шагналын мөнгийг хүмүүнлэгийн сайн үйлсэд зарцуулах болно гэдгээ энэ завшааныг далимдуулаад хэлье. Надад хоёр гурван хүн ийм өвчин зовлон тохиолдлоо туслаач гээд холбогдчихсон байгаа. Аливаа хэцүү бүхэн хэлж биш хийсч ирдэг болохоор тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоор өргөхөөс гадна хэрвээ боломж нь олдох юм бол санхүүгийн дэмжлэг үзүүлье гэёсэн бодолтой явж байна.
-Хагас шигшээ тоглолт дээр танай хамтлагийн залуус өөрийг тань дэмжиж хамтран дуулсан. Сүүлийн гурван сар уран бүтээлээр амьсгалан урлагт буцаллаа. Магадгүй өөрийн тань хувьд хурцлагдан уран бүтээлдээ түлхүү орох шар хор буцлан байгаа болов уу?

-Бид дөрөв чинь тал талд ажил, амьдралтай нэг дотор цугларч өгдөггүй хэцүү нөхдүүд. Жилийн хоёр гурванулиралд монголд байхгүй байх ч тохиолдол байдаг. Би яг л чиний хэлдгээр хурцлагдаж байна. Өнөөдөр би төдийгүй рок поп салбарын сэргэлт энэ шуогаар асаж байгаа болов уу гэж ойлгож байгаа. Манай Амархүү чинь хүртэл эр эмээ ялгагдахаа байтлаа явлаа. Энхзол , Ганаа ах гээд л ямар гайхалтай хувирав. Мөн мэргэжлийн бус гэгдээд байгаа Сарнай, Мөнхсоёл бидний хувьд үнэхээр шоу энтертайнментыг сэтгэл зүрх гаргаад хийвэл болдог юм байна гэдгийг уран бүтээлч нар төдийгүй ард түмэн мэдэрсэн болов уу.
-Сүүлийн хэд хэдэн дугаар дээр шүүгчид үзэгчид шоуны үеэр яг л “Халтар царайт” гардаг байсан шиг гадаа нам жим болж байна гэж байсан шүү дээ?
-Уран бүтээлч хүмүүс алга ташилтад урамшиж баярладаг бол бидний хамгийн том урамшуулал бол тэр л байлаа. Бид үзүүлбэрээ дуусгаад 23:00 цаг өнгөрөөгөөд гарахад л хот хөдөлгөөн ихтэй түгжрээд л. Хот унтахаа байгаа юу гэхээр хүмүүс “Сая танай нэвтрүүлгийг үзээд ажлаа умартаад хамаатан садантайгаа байгаа газраа бөөгнөрсөн. Одоо л харих гээд явж байна” гээд л. Энэ бол үнэхээр том шагнал л даа.

-Шоуны сүүлийн хагас шигшээ тоглолт дээр ОХУ-ын мэргэжлийн тусгай баг ирж ажилласан. Тэдний талаар таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-тэдний талаарх мэдрэмж бол үнэхээр сонин. Би шүүгч Онон ахын асуултад хариулсан хариулт бол үнэн шүү дээ. Би яг л тэгээд төрчихсөн юм шиг. Яг л би юм шиг байсан. Тэдний материал, арга техник, дадлага туршлага бүхий л зүйл нь өөр байдаг юм билээ. Манай монголчууд салбар салбартаа л өшөө мэргэжлийн түвшин рүү нь очих л ёстой юм байна гэж бодож байсан. Гэхдээ манай монголын уран бүтээлчид өмнөх найман дугаар дээр үнэхээр чадлаараа ажилласан. Хамгийн анх Оросууд “Один в один” шоуг зохион байгуулах гэж байхдаа тэд өөрсдөө нүүр хувиргалтаа хийж чадахгүй АНУ-аас буюу Холливудаас нүүр хувиргагч нар түрээслэн авчирч, оросууд нь хажууд нь дагалдаж хийсээр дараагийн жилээс нь өөрсдөө бие даан хийж байсан гэсэн. Тэгэхэд манай монголын нүүр хувиргагчид найман дугаарыг хийгээд ирсэн нь маш том амжилт.
Оросын багийнхны хийсэн нүүр хувиргалт бол үнэхээр ондоо хамрын самсаа шархирна гэдэг шиг л би бүүр тэр нүүр хувиргалттайгаа ховхорч унатал нь явмаар санагдаад байсан. Өөрөө дараа нь цэвэрлэж чадахгүй холион бантан болох байх гээд хайран юм гээд л хуулуулсан шүү. Хуулахад хүртэл үнэхээр хайран хувиргалт байсан.
-Тэгвэл таныг маргааш дахин нэг өөр төрчихсөн юм шиг төрхөөр тань харах нь ээ. Тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Хичээнэ ээ.
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ