УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт гарсан зөрчлийн талаар Завхан аймгийн Улиастай сумын МАН-ын хорооны дарга Д.Энх-Амгалантай ярилцлаа.
- УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт хүчингүй саналын хуудсаар санал авсан гэдэг мэдээлэл байна. Та тодорхой баримт хэлж чадах уу ?
- Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн зөвхөн 1 саналын хайрцагнаас гэхэд л тамга тэмдэггүй 230 орчим саналын хуудас илэрсэн. Бас Чигэстэй, Өлзийт, Жаргалант, Товцог багууд болон Алдархаан, Шилүүстэй сумдын санал унших төхөөрөмжинд уншигдсан саналын хуудаснаас тамга тэмдэггүй 172 ширхэг нийт 402 ширхэг саналын хуудас гарсан. Энэ бол наад захын баримт. Мөн Шилүүстэй зэрэг хэд хэдэн сумдад ч ийм зөрчил илэрсэн. Бид баримтыг нь зохих байгууллагуудад өгсөн байгаа. Удахгүй Ерөнхийлөгчид хандана.
- Яагаад Ерөнхийлөгчид хандана гэж ?
- Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн шинж чанартай учраас ...
- Ажиглагчид уг зөрчлийг баримтжуулсан уу ? Тухайн үед нь шийдвэрлүүлэх боломж байгаагүй юм уу ?
- Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намаас бусад намын ажиглагч нар хуульд заасан эрхээ эдлэх боломж олдсонгүй. Яагаад гэвэл Завхан аймгийн Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын гишүүдийг дан ганц Ардчилсан намын гишүүн байсан төлөөллөөс бүрдүүлсэн. Тухайлбал Жинст багт техникийн тооллого хийхдээ бусад намын ажиглагчдыг гаргаж байгаад хийсэн байдаг юм. Тэгээд ажиглагч нарыг буцаад орж ирэхэд саналын хуудсыг 25, 25-аар нь багцлаад тавьчихсан байсан. Тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй саналын хуудас байна гэдгийг ажиглагч нар илрүүлмэгц хэсгийн хороодынхон хяналтын тооллогыг зөвхөн өөрсдөө дангаараа явуулсан. Манай ажиглагч нар хүчингүй саналын хуудасны зургийг авч баталгаажуулсан.
- Сонгуулийн дүн нэгэнт гарсан. Танай тойргоос олонхийн санал авсан гишүүн тангаргаа өргөчихсөн. Одоо заргалдах хэрэг байгаа юм уу ?
- Бид хууль дээдлэх зарчим, шударга ёсыг хамгаалах зорилгоор энэ бүх баримтыг дэлгэж, зохих газруудад нь хандаж байгаа юм. Ялж, ялагдсан гэдэг бол тусдаа асуудал. Зохион байгуулалттайгаар сонгогчдын саналыг луйвардана гэдэг бол төрийн эсрэг гэмт хэрэг биз дээ. Энэ бүх хууль бус үйлдэлд бид СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгийн оролцоо байна гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл манай 18-р тойрогт нэр дэвшсэн З.Нарантуяагийн нөхөр нь шүү дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй атлаа энэ талаараа худал мэдээлэл түгээсэн. Мөн яагаад ганцхан манай тойрогт тамга тэмдэггүй саналын хуудас маш олноороо илрэв, тойрог хэсгийн хороодыг яагаад дан нэг намын төлөөллөөс бүрдүүлэв, хэн нөлөөлөв гээд анхаарах зүйл олон бий. Хамгийн наад захын жишээ гэхэд л сонгуулийн дүнг нэн түрүүнд зарлах боломжтой аймгийн төвийн Жинст багийн мэдээг хэдэн цагаар хойшлуулж гаргасан шүү дээ. Мөн 504 сонгогч дараалаад нэг ч завсаргүйгээр З.Нарантуяа гэдэг хүний төлөө саналаа дугуйлсан байх уу. Эрүүл ухаанаар нэг бодоод үз дээ.
- Сонгуулийн зөрчлийн талаар холбогдох байгууллагууд нь ямар хариу тайлбар хэлж байгаа бол ...
- Одоохондоо бид тодорхой хариу аваагүй байна. Ард түмний саналыг зохион байгуулалттайгаар луйвардсан гэмт хэргийн шинжтэй энэ хэрэгт хүмүүс анхаарлаа бага хандуулж байна. Хэрвээ энэ асуудал шударгаар, хуулийн дагуу шийдэгдэхгүй бол дараагийн сонгуулиар төрийн эрхийг хэн эрх мэдэлтэй нь ингээд авчихаж болдог буруу жишиг тогтох гээд байна. Бид бол хуулийн дагуу, шударга ёсыг л шаардаж байгаа юм. Энэ бол нийтийн эрх ашиг. Яагаад гэвэл манай аймагт явуулсан олон судалгаагаар Ш.Батсамбуу тогтмол 30-аас дээш хувийн рейтингтэй, З.Нарантуяа 20-иос доош хувь байсан. Уулзалт зохион байгуулахад л энэ байдал тодорхой харагдаж байна лээ. З.Нарантуяагийн сурталчилгааны уулзалтад шадар туслах, ухуулагч нар нь л хүчээр цуглаж байсан бол Ш.Батсамбууг Завханчууд бүгд дэмжиж оролцож байсан. Бас манай аймгийнхан Ш.Батсамбууг баараггүй ялсан, хүн бүр л түүний төлөө саналаа өгсөн гэж ярьцгааж байсан ч сонгуулийн эцсийн үр дүн эсрэгээрээ гарчихсанд л олон нийт бухимдаад, энэ үр дүнг эсэргүүцээд байгаа юм.
- Сонгуультай холбоотой өөр зөрчлүүд гарсан юм уу ?
- Ардчилсан намынхан иргэд, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан баримтууд бий. Манай Завханчууд оюунлаг ард түмэн болохоор үзэл бодлоо тэгж худалдахгүй нь ойлгомжтой. Тэгээд худалдаж авч дийлэхгүй ялагдах нь гэж мэдрэнгүүүтээ хүчингүй саналын хуудас ашиглаж, Завханчуудын сонголтыг өөрчилчихөж байгаа юм даа. Хуулийн дагуу шударгаар өрсөлдөөд ялагдсан бол бидэнд маргах зүйл алга. Гэтэл манай Завхан аймагт Сонгуулийн Ерөнхий хороо, төрийн эрх мэдлийг атгасан Ардчилсан намынхан нэг хүний эсрэг хууль бус бүхнийг хийж ажиллалаа шүү дээ. Шүүх, цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллагууд энэ бүх бодитой баримттай асуудалд шударга хандана гэдэгт итгэж байгаа учраас л бид хүлээж байна. Ер нь манай Завханчууд хөгжлийн төлөө сонголтоо хийгээд түүнийгээ луйвардуулсан учраас их бухимдалтай байгаа юм. Тиймээс ард түмний сонголтыг хүндэлж, хуулиа дээдэлж энэ асуудалд анхаарлаа хандуулаарай гэж та бүхэнд уриалах байна. Хатуухан хэлэхэд өнөөдөр бидний саналыг луйвардаж чадаж байгаа улсууд маргааш та нарынхыг ч бас булаах болно гэдгийг санаарай.
zaluu.com