ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо уламжлал болон зохиогддог “Центральная Азия, Хамар Дабан 2013” нохойн наадамд Монгол Туургатны Уугуул Нохой Судлалын Холбооны баг төлөөлөгчид 11 хуний бүрэлдэхүүнтэй, долоон монгол банхар, хоёр тайга нохойтой оролцжээ. Тэмцээн, наадамд нийт 500 гаруй ноход оролцсоноос манай баг долоон алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, цомын хамт хүртжээ. “Центральная Азия, Хамар Дабан 2013” наадамд “Хоточ” үржлийн газрын Одбаяр эзэнтэй Томоо, “Монгол бахархал” үржлийн газрын Аянга эзэнтэй Оргодол, Цэгц, Баавгай, Цагаан баавгай, “Монгол банхар” үржлийн газрын Баярбат эзэнтэй Баавгай, “Асар Басар” үржлийн газрын Говилхаасүрэн эзэнтэй Хойлог, Намхай эзэнтэй Цаст, “Монгол Сор” үржлийн газрын Хаяанаа эзэнтэй Тайга зэрэг есөн шилдэг ноход Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцож ирлээ. Энэ наадамд Голланд, Унгар, Литва, ОХУ, Буриад улсын шүүгчид ажилласан бөгөөд ОХУ-ын РКФ-ийн дэд ерөнхийлөгч ноён Александров Владимир Аркадьевич манай нохдын оролцсон том нохдын ангилалыг шүүсэн байна.

Дашрамд хэлэхэд, зөвхөн манай нохдыг үзэж сонирхохоор Москва, Санкт-Петербург хотуудаас нохой үржүүлгийн газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байсан нь түүхэндээ анх удаа Монгол уугуул ноход гадаад орны өндөр зэрэглэлийн тэмцээн наадамд оролцож байгаатай холбоотой. Тэд “Хүний оролцоо ороогүй байгалиараа байгаа уугуул нохдын зан, характер төлөв байдлыг нүдээрээ харах үнэхээр сонирхолтой байна. ОХУ-н интернет орчинд Монгол нохдын талаар дэгдээд байсан олон яриа маргааныг нэг мөсөн таслахад жинхэнэ монгол нохдыг нүдээрээ үзэх нь чухал байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байжээ. Тэмцээний үеэр ОХУ-ын төв телевизээс Монгол туургатны уугуул нохой судлалын холбооны гишүүдтэй уулзаж, Монголд айлчлан уугуул нохдын талаар баримтат кино хийх санал тавьсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.