Хурим найранд авьяасаараа хоршдог Уртаа, Өлзий


Хурим найрын сар ид дундаа явна. Насан туршдаа дурсагдах баярт агшинг нь чимэлцэж өгдөг Монгол улсын мастер үсчин Уртаа, түүний гэргий make up artist Өлзий нар энэ саруудад хамгийн эрэлт хэрэгцээтэй байна. Тэднээр үйлчлүүлж буй хосууд үс засах, нүүр будах урлагаар гайхалтай хоршиж, хуримлагчдыг зуун хувь сэтгэл ханамжтай байлгадаг эл хосыг “Ийм авьяастай хүмүүс нэг гэр бүл байх гэж” хэмээн уулга алддаг хүн олон. Товчхондоо бол хуримлаж буй хосоос гадна тэднийг гар сэтгэл нийлж гоёдог хосуудын тухай яриа ч хуримын үеэр өрнөдөг болоод уджээ. Гэрлээд гурван жил болж буй залуу хос Ca Lily салон нээсэн юм. Драмын театрын ард, Элит хороололд байрлах тэдний салон хаяг адресгүй ч хөл ихтэй, түмэн шаваастай. Үсчин, make up, маникур, педикур, гоо сайхан, тураах үйлчилгээг нэг дор цогцлоосон Ca Lily төвд мастер үсчин Уртаа, make up artist Өлзий нарын үнэнч фенүүд цугладаг.