Ганц бие хатагтай нарын “нууц”


Надад эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө, унах унаа, амьдрах байр бүгд бий. Би одоо 40-н жилийн турш ганц бие, биш ээ аав ээжтэйгээ амьдарсан 18 жилээ хасвал 22 жилийн турш ганц бие явна. Энэ бол эхлэл. 40 хүртлээ өөрийн боловсрол мэдлэгтээ анхаарч, амжилтанд хүрэх зам нь дардан байсан ч хувийн амьдрал нь Ариунсанаагийн хувьд дардан байсангүй. Уулзаж учирсан залуус олон байх ч гэр бүлтэй байх нь элбэг.


40 насны босго алхаагүй ч 10 настай охинтой Сарангоо бүсгүйн хувьд хүүхдэд нь сайн аав болох хүн хэрэгтэй. Олон залуустай учирдаг ч хүүхдийг нь хайрлах, төрсөн үр шигээ хайрлах аав олдохгүй өдийг хүрчээ. Одоо тэрний ганц хүсэл нь охиндоо сайн хань олох. Гэвч тэр хүүхдэд нь сайн эцэг болох хань олж чадах болов уу. 40 шүргэж яваа бүсгүйчүүдийг бодвол  Гэрэлцэцэг дөнгөж ажлын гараагаа эхэлж байгаа залуу бүсгүй. Гэвч аав ээжийнх нь “Хэзээ хүнтэй суух вэ, хүүхэд чинь оройтлоо. Хань ижилтэй бол” гэж “үглэх” нь түүний хувьд зовлон. Нас залуу, ажил амьдрал нь дөнгөж эхэлж байгаа ч ээж аавынх нь шаналгаа зогсоохгүй.


Гэвч энэ гурван бүсгүйн амьдралыг нэг л өдрийн “архидалт” өөрчлөнө. Тэр өөрчлөгч нь Батаа хэмээх залуу. Бүтэлгүй, хуурамч энэ залуу гурван бүсгүй амьдралыг хэрхэн өөрчлөхийг та өөрөө үзсэн нь дээр биз ээ. Ямартай ч орчин үед хөндөх ёстой сэдэв бол ганц бие эмэгтэйчүүдийн амьдрал. Хөндөх сэдвээ сайн жүжигчин, сайн найруулагчийн авьяасаар хөгжилтэй, адал явдалтайгаар харуулсан “Ганц бие хатагтай нар” кино олон үзэгчдийг байлдан дагуулж, олон эмэгтэйчүүдэд ухаарал хайрлах биз ээ. 

 Энэ бол орчин үеийн ганц бие эмэгтэйчүүдийн амьдралаас сэдэвлэсэн “Single Ladies” кино. Сэтгэл судлаачдын гаргасан судалгаагаар орчин үед эмэгтэйчүүд боловсролдоо анхаарч нийгмийн бүх салбарт хүч сорих болсон. Өмнө нь эмэгтэйчүүд зөвхөн гэртээ сууж, хүүхдээ хардаг байсан сэтгэлгээ улиран алга болж эмэгтэйчүүдийн боловсрол өндөр болсон. Энэ нь нэг талаараа сайхан зүйл ч өндөр боловсролтой, ажилтай орлоготой, өөрийн гэсэн байр суурьтай эмэгтэйд тохирох залуу манай монголын нийгэмд байгаа юу гэдэг асуултанд энэхүү кино хариулах болно. Гурван насны бүсгүйчүүдээр төлөөлүүлсэн ганц бие бүсгүйчүүдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөх, тэдний хэн нь насаараа ганц бие амьдралыг сонгож, харин хэн нь хайр дурлалтайгаа учирч аз жаргалд умбах вэ гэсэн асуултыг танд үлдээе.