Г.Алтан хатагтай “Олон овоот”-оос татгалзжээ


Цагийн сайханд Mонголын баячуудыг хошуу­руулж байсан “Олон овоот” одоо хэнд ч хэрэггүй “хог” болоод байна.

Учир нь сүүлийн хэд хоног амтай бол­гон “Олон овоот”-ын ордыг харааж зүхэх нь ил болсон.

Уг ордыг анх “Оюу тол­гой”, “Эрдэнэт” үйлд­вэрийн хажууд жижиг ч гэсэн нэг хэсэгтээ л монголчуудын голыг зогоох болно гэж ярьж байсан цаг саяхан. Гэтэл олон хүний амь амьдралыг самарч буй эл орд одоо олон хүнд гай болж банкуудын дансыг улайлгаж үүдийг бариулдаг орд болж хувираад байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Хамгийн ойрын жишээ гэхэд л Монголдоо төдийгүй хилийн чанадад өөрийн биз­нестэй байсан “Жаст”-ын Ш.Батхүүг элгээр нь хэвтүүлж хэн ч биш болгож чадсан газар бол “Олон овоот”. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эл ордод ажил¬лаж буй 500 шахам ажилчин гудамжинд лааз өшиглөх дээрээ тулаад байгаа аж. Тодруулбал “Олон овоот”-ыг Ш.Батхүүгээс өөрийн нэр дээрээ 100 хувь шил­жүүлж аваад байсан хатагтай Г.Алтан оруулсан бүх хөрөн­гөө татаж авахаар болсон тухай яриа дээр, дооргүй шуугин ярих боллоо.

Хэрвээ Г.Алтан хатагтай хөрөнгөө татаж авсан тохиолдолд энэхүү ордод ашиглаж байсан хүнд даацын машин тоног төхөөрөмж тө¬дийгүй хай­¬гуул хийж байсан бүх үйл ажиллагаа зогсох юм. Уг нь анх “Олон овоот”-ын газар доорх алтыг Канадын “Вардроп Инже­неринг” ком­панийн тог­тоосон нэг баримт, мөн Ашигт малтмалын газраас тодор­хой­лохдоо 18.5 тонн алтны нөөц­тэй гэж А лиценз гэгч дээр тодорхой бичсэн байдаг юм билээ.

Гэтэл одоо энэ их алтны нөөц яагаад багасч гэнэт дөрвөн тонн алт болж хувирав гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж бай­на. Зартай залхайгаараа алдар­тай Ц.Мянганбаяр “Жаст”-ын Ш.Батхүүтэй хийсэн албан ёс­ны гэрээндээ бүр 25 тоннын нөөц­тэй гэсэн баталгаа гаргаж өгсөн гэс­нийг Ш.Батхүү өөрөө тайлбарлан хэлж байсан.

Товчхондоо улсын фонд төдийгүй ашигт малтмалын нөөцөд бүртгэгдээд байсан 18.5 тонн нөөц алт яахаараа ингэж гэнэт цөм алга болов гэдэг нь хачирхалтай.

Өөрөөр хэлбэл эл ордын асуудал улам даамжирвал манай хууль хяналтынхнаар тогтохгүй гадны хуульч¬дын хараанд өртөх нь дам­жиггүй. Мэдээж энэ ордыг хоосруулж үгүй хийсэн хүн нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр.

Энэ зальтай эрээс болж “Олон овоот”-д хөлс хүч хөдөл­мөрөө зориулж байсан олон мянган залуус гудамжинд гарах болсноо бидэн рүү утас цохин мэдээлж байсан.

Тэд хэлэхдээ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш уурхайн хэвийн үйл ажиллагаа улам их догол­долд орж ком­панийнхаа ихэнх ажилчныг цомхотгож зөв­хөн уурхайн инженер, хөрс хуулалтын инженер гэх мэтийн гол хүмүүс нь үлдсэн гэнэ. Эдгээр үлдээд байсан инженерүүд хүртэл бүгд өчигдөр /өнөөдөр/ нийслэлд ирээд байгаа.

Товчхондоо тус уурхайд ганцхан манаач нь үлдсэн гэсэн үг. Дээрх залуусын хэлж буй­гаар ордоос гадна ашиглалтын лицензтэй 18 талбай бай­гаа. Гэх­дээ эл талбайд хай­гуул хийсэн тохиолд заавал юм гарч ирэх ёстой.

Даанч Ш.Батхүү захирал өөрт байсан бүх хөрөнгөө Ц.Мянганбаярын хэлээд байсан алтыг гаргаж авах гэж маш их хэмжээний хөрс хуулах ажил дээр бүх хөрөнгөө оруулснаас болж дээрх лицензтэй талбайг ашиглаж чадаагүй юм.

Хэр­вээ түүнд хөрөнгө мөнгө нь хангалттай байсан бол дээрх талбайг ухах байсан. Бид Ш.Батхүүд биш хулхи Ц.Мянганбаярт дургүй хүрч байгаа шүү.

Одоо Г.Алтан захирал хөрөнгөө татаж авахаар эл орд гадныхны мэдэлд очно гэсэн үг шүү дээ. Энгийн бид үүнийг ойлгохтойгоо байгаа.

Монголд ийм их өрөнд орсон ийм ордыг авах чадалтай аавын хүү байхгүй байх л даа гэж ярьсан юм.

Тэгэхээр олон хүнд гай болж, олон банкны дансыг хоо­солсон “Олон овоот”-ыг хөл дээр нь босгож авах чадалтай хөрөнгөлөг бизнесмен Монголд байхгүй бол бидний яриад бай­сан хонконгчууд авах юм гэж үү.

Ямартай ч Г.Алтан хатагтай толгойгоо асар хурднаар ажиллуулж “Анод”, “Зоос”, “Хадгаламж”, “Жаст”-ын Ш.Батхүү нарын араас орж дампуурсан гэж олны нүдийг баясгахгүйн тулд “Олон овоот”-оос тат­галзаж байгаа байх гэж хардах хүмүүс байсан.

Өөрөөр хэлбэл Г.Алтан хатагтайн гарт очсон “Олон овоот” бусад харийн баячуудад далд аргаар зарагдах вий гэсэн асуултын хариуд хатагтай Г.Алтанг ийм хурдан шийдвэр гаргана гэж хэн ч төсөөлөөгүй байсан нь үнэний ортой.

Хөөрхий “Олон овоот”-ыг гадны мөнгөтөй баячууд авчээ гэж бид тун удахгүй сонсох нь дээ.