Мисс Б.Дулмаа “Азийн топ модель” боллоо


БНХАУ-ын Наннинь хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 14-ний хооронд зохион байгуулагдсан Олон улсын мэргэжлийн супер модель шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрчээ. Тус тэмцээнд урьд нь эх орноо төлөөлж оролцсон Монголын загвар өмсөгчид өндөр амжилт гаргаж байсан бөгөөд энэ удаад ч мөн амжилтын буухиаг үргэлжлүүлжээ.

 

Тухайлбал, энэ удаагийн тэмцээнд загвар өмсөгч Б.Дулмаа топ 10-т шалгаран “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн байна. “Шилмэл загварын ордон”-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolian Beauty” тэмцээний ялагч болон шилдэг моделиуд  энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд өрсөлддөг ажээ.

 

“Mongolian Beauty-2012” тэмцээний ялагч Б.Дулмаа уг жишгээр Азийн шилдэг моделиудтай өрсөлдсөн бөгөөд уг тэмцээнд манай улсаас тав дахь удаагаа оролцсон нь энэ. Наннинь хотноо 14 хоног үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд Австрали, Вьетнам, ОХУ, Башкирстан, Монгол, Солонгос, Хятад, Тайвань, Шинэ Зеланд, Энэтхэг зэрэг орны загвар өмсөгчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөхийн сацуу өөрсдийн соёл,  загварын хөгжлийг сурталчлах арга хэмжээнд оролцсон байна.

 

Дашрамд дуулгахад, өмнө нь буюу “Азийн супер модель-2009” тэмцээнд топ модель О.Уянга 2-р байр, Э.Сэлэнгэ топ 10-т шалгарсан бол, “Азийн супер модель-2011" тэмцээнд  загвар өмсөгч О.Ариунзул 2-р байрт шалгарч байжээ. Тэдний араас загвар өмсөгч  Т.Батцэцэг, Т.Туяамаа, Ц.Алтантуяа, Б.Дулмаа нар  топ 10-т шалгаран “Азийн топ  модель”-иор өргөмжлөгдсөн байна.