“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүхийг хоёр нягтлангийнх нь хамт цагдан хорьжээ


“Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүхийг нягтлан М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нарын хамт өнгөрсөн пүрэв гарагт АТГ-аас цагдан хорьсон байна. Уг байгууллагын нягтлан М.Хуланг Дархан-Уул аймаг дахь гэрээс нь баривчилсан тухай мэдээллийг манай цахим сонин хамгийн түрүүнд уншигчдадаа хүргэсэн билээ.

 

Тэднийг үгсэн хуйвалдаж, бусдад авлига өгсөн, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигласан гэх хэрэгт буруутган хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм байна.

Өдгөө Монгол Улсад агаарын бохирдол аюулын харанга дэлдээд байгаа билээ. Агаарын бохирдлоосоо салахын тулд манай төр засгаас хамаг л хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа. Нийгмийн эмзэг болсон энэхүү асуудлыг зохицуулахын тулд жилд 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, гадаадын байгууллагуудын арав гаруй төсөл хэрэгжиж буй. Мөн улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн дийлэнх нь энэ санд ирдэг байна. Гэтэл эмзэг сэдвээр тоглоно гэгчээр М.Хулан нар улсын хөрөнгийг шамшигдуулж байсан нь илэрчээ.

 

Тодруулбал сангийн тодорхой хэмжээний мөнгө төрийн сангаас гараад хэд хэдэн удаа хууль бусаар хувийн компани болон хувь хүний данс руу их хэмжээгээр шилжсэн байсныг тогтоосон байна.

 

 Одоогоор эдгээр хүмүүс нийтдээ арав гаруй тэрбум төгрөг төрийн сангаас зувчуулсан байж болзошгүй бөгөөд шалгалтын явцад энэ мөнгөн дүн өсч магадгүй аж. Түүнчлэн бусдад авлига өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагад төсөл олгохдоо авлига авсан, мөн бусдад авлига өгсөн гэх утгатай.

 

Бидэнд олдсон мэдээллээр хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь ерөнхий нягтлан М.Хулан гэнэ. Түүнийг Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн хүн гэдэг аж. Тэрбээр Дархан-Уул аймгийнх бөгөөд амралтын өдрүүдэд байнга Дарханд амьдрах нөхөр рүүгээ явдаг байжээ.

0003 гэсэн улсын дугаартай Lexus 570 унадаг М.Хулан эдийн засагч мэргэжилтэй, Дарханд “Royal” нэртэй зочид буудалтай, буудлыг нь нөхөр нь ажиллуулдаг гэнэ. Харин тэрбээр ажлын өдрүүдэд хуучнаар хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажуугийн байшинд хүүхдийнхээ хамт амьдардаг сурагтай.

 

Хулан “Цэвэр агаар сан”-д ирэхээсээ өмнө аймгийнхаа НИК-д нябо хийж байжээ. Л.Гансүх “Цэвэр агаар сан”-д ор гэж санал тавьсны дагуу санг анх байгуулагдахад ерөнхий нягтлангаар орж байжээ.

Тус сан нь “Шарын гол энергио” гэдэг компаниас түлш авдаг байсан юм байна. Хэдий хэмжээний түлш гүйцэтгэсэн гэдгээр нь мөнгийг нь шилжүүлдэг байсан бололтой. Гэтэл тус компаниас “Цэвэр агаар сан” нэг л өдөр түлш авахаа больж, оронд нь “Шарын гол болд” гэдэг компани руу мөнгө шилжсэн байна. Нийтдээ энэ компанийн дансанд 2,2 тэрбум төгрөг шилжүүлсэн байжээ. Хууль хяналтынхан ч уг компанийг М.Хулангийн дүү М.Болдын компани болохыг тодруулсан байна. Ер нь ерөнхий нягтлантай холбоотой хэд хэдэн хууль бус гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон төдийгүй өнгөрсөн оны 11 дүгээр сард Н.Хүрэлсүх захирлыг тархины мэс засалд орохоор явахдаа юмыг яаж мэдэх вэ гээд хэд хэдэн гарын үсэг, тамгатай мөнгөний шилжүүлгийн бичиг баримт үлдээгээд явсныг М.Хулан буруугаар ашигласан байх магадлалтай аж.

Мөн М.Хулан нь энэ албанд ирээд өөрийн найз А.Болдмааг туслах нягтлангаар ажилд авсан байна. А.Болдмаагийн нөхөр болон ах дүү, хамаатны дансанд сангийн мөнгөнөөс шилжсэн байсныг бас тогтоожээ.

Ийнхүү “Цэвэр агаар сан”-гийн захирал нягтлангуудынхаа хамт хоригдоод байна. Тэднийг хэзээ суллах нь тодорхойгүй байгаа юм.