Сүнс байдаг, тэгээд хоргоддог бол МАХН-ын байранд гавлуулан амьдаараа шатаж, хоёр ертөнцийн хооронд гацсан талийгаачийн сүнс одоо ч Тусгаар тогтнолын ордны хаа нэгтээ хэсүүчилж яваа гэж бодогдоно. Тэгээд бодохоор, төв талбайн урдхан буун дуу тасхийхэд үхэдхийн унасан дөрвөн өөд болоочийн сүнс бас л өнчирч хоцорсон гэрийхэндээ хоргодон төрлөө ололгүй тэнд тэнүүчилж яваа. Тэднийг гэрэл тусгаж байгаад “нохой” шиг буудчихсан. Энэ талаар клиникийн I эмнэлгийн эмч, сувилагчид гэрчилснээс хойш таван жил өнгөрчээ. Гэвч гэм буруутанг нь олсонгүй. Цагдаагийн удирдлагад байсан хэдэн хүнд 2-3 жилийн ял өгсөн болоод л өнгөрсөн. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Манай цагдаагийн албан хаагчид долдугаар сарын 1-нд онц байдал зарласнаас хойш галт зэвсэг хэрэглээгүй” гэж арьсаа хамгаалж байсан ч үнэндээ шөнийн 00.00 цагийн үед галт сум тараагаад буцааж авсан нь рапортоор тогтоогдсон байдаг.
Тэр бүү хэл, өнөөгийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний ил болгосон Эргүүл хамгаалалтын тасагт ажиллаж байсан цагдаагийн ажилтны тэмдэглэлд хэн хаана, хэрхэн жирийн иргэн рүү буудсан талаар ч тэмдэглэсэн атал асуудал эсрэгээрээ шийдэгдсэн нь гайхашрал төрүүлдэг. Энэ тухай “Ангийн захирагч х/а Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд нь буудаж унагахыг харсан. Сайн бууддаг юм билээ гэж ярьсан” гэхчилэн тэмдэглэлд дурдсан нь бий...
Гэхдээ одоо гэм буруутныг олох гэсэнгүй. Олдох ч үгүй. Олох сонирхол ч улстөрчдөд байхгүй.
...Одоог хүртэл бидний цөөнгүй нь долдугаар сарын 1-нд архичин, дээрэмчин, хулгайч, танхай хэдэн нөхдүүд л үймээн самуун дэгдээсэн мэтээр ярьдаг, ойлгодог. Онц байдал зарлан МҮОНРТ-ээс бусдыг нь хааж байгаад хүмүүсийн тархийг хангалттай угаасан юм чинь арга ч үгүй. Гашуун үнэн гэвэл тэр шөнө амь үрэгдэгсдийн ердөө нэг нь л өдөр нь болсон жагсаалд оролцсон бол бусад нь гэртээ харих замдаа буудуулан хөнөөлгүүлсэн байдаг. Энэ хугацаанд шатсан МАН-ын /тухайн үеийн МАХН-ын/ байр ордон болж сүндэрлэсэн. Харин төрийнхөө цагдаад буудуулсан талийгаачдын гэгээн дурсгалд зориулсан хөшөөг барих газар одоог хүртэл олгогдоогүй л байна.
1989 оны зургадугаар сарын 3-ны өдөр Хятадын Тянь Ань Минийн талбайд болсон оюутнуудын эсэргүүцлийг хайр найргүйгээр хядан дарж, олон зуун хүнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгосон талаар бид хангалттай мэддэг атлаа чухам Монгол Улсынхаа төв талбайн хажууханд болсон энэ цуст аллагыг даанч мэддэггүй. Тэмдэглэлд дурдсан буудуулсан хүү шархтаж унаад үхэл, амьдралын заагт байхад нь ирсэн цагдаа “хохь чинь” гээд дэвслээд явсан талаар өнөөдөр ч ярьдаг. Цагдаагийн зарим алба хаагчид хүний ёсноос гажууд аашилсан байж болох ч бүрэн бүрэлдэхүүнээрээ тийм байгаагүй нь ч бас л үнэн. Жирийн иргэд рүүгээ цагдаагийнхныг буу шагайлгахад хүргэсэн хүмүүс гэвэл улстөрчид л байсан. Уршгаар нь нэг нь шоронд нөгөө нь шороонд булуулсан. Харин улстөрчид одоо гэмгүй гэгээнтний дүр эсгэж “ард түмэн” гэж бахирсан хэвээрээ л байна. Иргэдийн саналыг луйвардсных нь хариуд уурсан боссон сонгогчдын жагсаал үймээн болж намынх нь байр шатаж тэр мөчид “Буудах эрх өгөөдөх” гэж орилсон хүн одоо Монголд байхгүй. Харин тухайн үеийн МАХН-ын байр руу чулуу шидсэн 250 гаруй залуу хавтаст хэрэгт хавсрагдсан зурагнаасаа бол 2-3 жилийн ял эдэлсэн. Тэднийг одоо ч мөнөөх шоронд ял эдэлсэн гэх тодорхойлолт дагаж яваа, дээрэмчин, тонуулчин гэх тодотголтой. Тийм пайз зүүхэд аанай л улстөрчид оролцсон. Тэгээгүй бол 250 гаруй хүнийг шүүх бүрэлдэхүүн канондсон мэт адилхан шийдвэрээр хоморголон яллахгүй л байсан болов уу гэх бодол өнөөдөр төрдөг.
Ийм байтал өөрсдийнхөө шатаалгасан байрыг татвар төлөгчдийн мөнгөнөөс зургаан тэрбумыг гаргуулан байж бариулсан тэр нөхдүүд хохирогчдын ар гэрийнхэнд 500-хан сая төгрөг л хувааж олгосон байх жишээний. Ингэж доромжилдог хэрнээ идсэн уусныг нь илчлэхээр “хэлмэгдүүлэлт эхэллээ” гэх, ажлаа хийж чаддаггүй хамсаатныг нь халахад “иргэдийг хоморголон халж байна” гэж ярьдаг.
Өнөөгийн эрх баригчид ч ялгаагүй. Сонгуулиар өрсөлдөгчдөө намнах зэвсэг болгож хохирогчдын зовлонгоор шоу хийгээд л өнгөрдөг. Тэд ч иргэдийн эрх ашгийн төлөө өнөөдөр зогсч чадаж байгаа гэж үү. Өмнө нь, 2008 оны долдугаар сарын 1-нийг иргэд сонгох эрхээ эдлэх гэж саналыг нь луйвардсан луйварчдын эсрэг тэмцсэн тэмцэл байсан гэж боддог байлаа. Харин одоо тэрхүү сонголтоо тийм өндөр үнэ цэнээр хамгаалах хэрэг байсан уу гэж бодоход хүрлээ. Уг нь хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаална гэж бидний итгэж байсан Ардчилсан намынхан 2008 онд санал луйвардсан гээд байсан МАН-ын Засгийн газарт нэгдэн ороход л энэ бүхэн ойлгомжтой болсон. Тэд иргэдийн сонголтыг хамгаалах бус эрх мэдлийн төлөө иргэдээ турхирсан гэдгээ үүгээр таниулсан. Өнгөрсөн хугацаанд байгаагүй эрх мэдэл өнөөдөр тэдэнд байна. Яагаад гэмгүй яваад буудуулсан, хохирсон иргэдээсээ төр нь уучлалт гуйчихаж болохгүй гэж. Хүсэл байсангүй ээ, улстөрчдөд.

ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна