ТӨВ АЙМГИЙНХАН ЗӨВ ХҮНЭЭ СОНГОНО


МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Төв аймгийн Зуунмод хотын цагаан хаалганы гадна морьтон залуус хүндэтгэлтэй угтан авлаа. Энэ нутгийн зон олон аваргаа ирэхийг тэсэн ядан хүлээж байж. Энэ нь нэр дэвшигчийг дэмжсэн уриа лоозон, туг далбаа, түүнийг дэмжсэн залуусын дуу хоолойноос мэдрэгдэж байлаа. Иргэд хотынхоо төв талбайд урт дараалан үүсгэн зогсож түүнд сэтгэлийнхээ үгийг илэрхийлж байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бодоогийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа сонгогч олны хамт төв цэнгэлдэх рүү алхав.

Ахмадууд энэ зуур төрийн наадам, хурдан морь, зуншлагын талаар түүнтэй хөөрөлдөж байлаа. Босоо хийморьтой Төв аймгийнхантай хийсэн халуун сэтгэлийн уулзалт нижигнэсэн алга ташилт дор өрнөсөн юм. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжих уурхайн түрлэг улам бүр нэмэгдэж байгааг энэ үеэр онцлох хүмүүс олон байлаа. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар “Улс даяар МАН-аас нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаад талархаж байна. Залуус дэмжихээ илэрхийлж байна. Ахмадууд сургаалаа хайрлаж урам зориг өгч байна” хэмээн онцлов.

төв аймаг-2

Уулзалтад оролцож буй сонгогчид “Бидний сонгосон хүнийг МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Бидний захиалга Б.Бат-Эрдэнэ мөн” хэмээн хэлж байлаа. Тиймээс Б.Бат-Эрдэнийг зөвхөн МАН-аас бус ард түмнийхээ нэрийн өмнөөс нэр дэвшсэн хэмээн энэ аймгийн ард иргэд үзэн дэмжиж байна.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ мөрийн хөтөлбөрийг сонгогч олон дэмжиж байв. Тухайлбал, түүний монгол ахуй, монгол зан заншил, уламжлалын талаар хийх ажлууд иргэдэд таалагджээ. Тэрээр уулзалт хийх болгондоо улс төрийн талцал, бие биеэ үгүйсгэдэг байдлыг халахын төлөө ажиллахаа ард түмэндээ амлаж байгаа. Түүний энэ байр суурьтай сонгогч түмэн санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Тиймдээ ч иргэд “2012 УИХ-ын сонгуулиас хойш улстөржилт, намчирхал, нэг нэгнээ үгүйсгэх, намын харьяалалаас болж адлагдах үзэгдэл газар авч байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод ийм сөрөг үзэгдлийг засч залруулаарай” хэмээн захив. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ард түмнээ эв нэгдэлтэй байлгах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг хэмээн онцоллоо.

төв аймаг-3

Мөн уулзалтад хүрэлцэн ирсэн МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэдгээ уламжилж байв. Энэ үеэр зураач Н.Цэдэндаш аваргын хөргийг зурснаа гардуулахдаа Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадмыг нээхийг ерөөж, монголчууддаа уул шиг түшигтэй аав байхыг хүсэв. Тэгвэл залуучууд эв нэгдлийн илэрхийлэгч байхыг бэлгэдэж эв нэгдлийн зургаан талт оньсон тоглоомыг түүнд дурсгалаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ үдээс хойш хууль хүчний байгууллагынхантай уулзсан юм. Уулзалтад шүүх, цагдаа хүчний байгууллагын үүрэг, ард иргэддээ хэрхэн үйлчлэх ёстой, тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр мөн нутгийн уугуул, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Ардчиллыг бид төгс төгөлдөр болоосой гэж горьддог. Ардчилал бол түрэмгийлэгч биш гэж би ойлгодог. Ардчилал бол сахилгагүй хувийн эрх чөлөө биш гэж боддог. Ардчилал бол бялдуучлал, долигонол, харгислал, түрэмгийлэл биш гэж ойлгодог.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг би сайн мэднэ. Яагаад гэвэл олон жил айл саахалт явлаа. Хөрш байна гэдэг бол хүнийг таних боломж. Би энэ хүний хүүхдүүдийг өсөхийг мэднэ. Хэлд, хөлд орохыг нь мэднэ. Тиймээс өөр хэн ч нэр дэвшсэн бай энэ хүнийг л дагах учиртай. Би ялсан цагт нь горьдож үүдийг нь онголзуулах хүн биш ээ. Ялагдсан цагт нь орхиод явах эр хүн биш. Би нэг үгтэй, нэг сэтгэлтэй явсаар дуусахыг хүсдэг Монгол Улсын нэг иргэн. Одоо доромжлол гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Хэрцгий дайралтууд дэндүү ил байна. Бодохоос ч аймаар зүйлийг өнөөдөр бодож чаддаг болсон байна. Хүн чанар эвдэрсэн ийм үед бид хүнээ л түших ёстой. Амьдрал ойлгодог хүнийг түших хэрэгтэй. Бид жинхэнэ шударга удирдагчийг хүлээж ханалаа” хэмээн өгүүлсэн юм. Ийнхүү Төв аймгийнхан удахгүй болох сонгуулиар аваргыгаа ялна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байлаа.