Ц.Элбэгдорж “Хамаг Монгол”-ыг тууштай дэмжигч


 “Хамаг Монгол” нэртэй Монгол туургатныг урлаг соёл, зан заншлаар нь нэгтгээд буй төсөл үргэлжилж байгаа.  Уг төслийг Дуучин С.Жавхлан санаачлан, Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зэрэг улсын дуучдыг хамруулан нэгдсэн тоглолт зохион байгуулсан билээ. Харин өдгөө төсөл үргэлжилж ирэх сараас Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголд нэгдсэн тоглолтоо хүргэх гэж байгаа ажээ. Түүнчлэн төслийн  хаалтын үйл ажиллагааг есдүгээр сард Монголд зохион байгуулах юм байна. Энэ тухайгаа дээрх улсын дуучид өчигдөр мэдээлсний зэрэгцээ зургаадугаар сарын 19-ны өдрийг Талархлын өдөр болгон тэмдэглэж байх тухайгаа илэрхийлсэн. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж тусласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид онцгойлон талархал илэрхийллээ. 

 

Тодруулбал, “Хамаг Монгол” төслийн ерөнхий зохицуулагч Батбаяр хэлэхдээ “Энэ цаг үед Монголын гэсэн тодотголтой бүх зүйл бүдгэрч Монголын ёс заншил өв уламжлал мартагдах аюулын харанга дэлдсэн учраас Монголоо гэсэн сэтгэлтэй хэсэг залуучууд Хамаг Монгол төслийг санаачилсан. Нэгэн цагт агуу их түүхийг бүтээж байсан Хамаг Монголыг дахин урлагаар, урлагийн дуу хоолойгоор нэгтгэж, энэ улс үндэстэн хоорондын соёлын өвүүдийг хамгаалах солилцох, хүн зоноо хооронд нь мэдэлцүүлэх, танилцуулах санал санаачлага болгон “Хамаг Монгол” төсөл хэрэгжиж байгаа юм. Хамаг Монгол төслийн тухай бид бүхэн тухай бүрт нь мэдээлсээр байгаа. Тодруулбал, бид өнөөдөр дараах зүйлийг хэлэхгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголоо гэсэн сэтгэлээрээ бид бүхэнтэй нэгдэж энэ үйл ажиллагаанд гар бие оролцож байсан гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.

 

Харин төслийн санаачлагч С.Жавхлан “Энэ бүхний цаана халуун сэтгэлтэй Монгол түмэн минь байсан. Төслийг сайхан амжилттай бүтээсэй гэж залбирч байсан олон ээжүүд, аавууд халуун сэтгэлтэй Монгол түмэндээ бид бүхэн баярлалаа гэж хэлье. Мөн Монголын язгуур урлаг, Монголын өв соёлыг, Монголчуудын хүндлэн дээдлэх бүх зүйлийг хамтатгах нэгтгэхийн тухайд Ц.Элбэгдорж бид бүхэнтэй хувь хүн, Монгол хүн гэдэг зүрх сэтгэлээрээ өнөөг хүртэл бидэнтэй нэгдэн ажиллаж байна. Ийм учраас тав дахь Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа дөрөв дэх ерөнхийлөгчдөө баярлалаа” гэсэн юм.

 

Түүнчлэн “Хөдөө ч бай, хот ч бай, буриад ч бай, дөрвөд ч бай, халимаг ч бай, тува ч бай бид бүхэн Монголоороо бахархдаг, Монголоороо омогшдог. Монголынхоо төлөө зүрх сэтгэл эмтэрч явдаг. Энэ бүх зүйл энэ бүх сэтгэл маань бид бүхнийг уулзуулсан. Бидэнд өнөөдөр хэн нэгэн хүн май гэж сарвайхаасаа илүү сайн байна шүү, та нар мундаг байна шүү залуучуудаа гэсэн урмын үг дутдаг. Харин урмын үгийг бидэнд Ерөнхийлөгч маань хэлж ярьж байгаа. Тэрээр Монгол хүн болж олондоо хүрсэн үйл хэрэг болоосой гэдэг үүднээс бидэнд халуун дотно зөвлөгөө, сэтгэлээрээ энэ үйл хэргийг зөв явчихаасай гэдэгт их ач холбогдол өгч заримдаа зөвлөх багшийн үүргийг гүйцэтгэж байсан” гэлээ.

 

Монгол улсын Ерөнхийлөгч одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Цахиагийн Элбэгдорж нэгэн цагт Дэлхийн монголчуудыг гэртээ ирэх уриалгыг гаргаж байсан бол Самандын Жавхлан “Монгол туургатны ” соёл урлагийгханыг гэртээ авч ирлээ. Монгол үндэстнээ гэх сэтгэлтэй эдгээр залуусын зам нь цагаан үйлс нь ариун байг.

 

Тоглолтын тов:
7 сарын 14-нд Буриад Улаан Үүд
7 сарын 30-нд Тува когзон хотод
8 сарын 24-25-нд Халимаг Элстэй хотод
9 сарын 1-5-нд Өвөр Монголд
9 сарын 22-нд Улаанбаатар хотод