Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал хөрөнгө мөнгөөр өрсөлдсөн хүч тэнцвэргүй тулаанд шударга ёсыг Монгол оронд нутагшуулахын тулд өрсөлдөж байгаа. Өрсөлдөгч эрчүүд өнгө мөнгөөр цохиж, баячуудыг хажуудаа сугадаж, уулзалтаа хийхдээ ч өнгө зүстэйг нь сонгож, алдар нэртэйг нь өмнөө барьж бялдуучилсан өмнөх л сонгуулийн өнгө төрх өнөөдөр ч давтагдсаар байгаа. Хориод жил худлаа амалсан сонгуулийн амлалт, хошгируулалтынх нь хохирогчид эгэл жирийн ард түмэн тодорч, хэлмэгдэгсэд нь Монголын нийт ард түмэн болов.
Эв нэгдлийн илэрхийлэл байх учиртай Монгол Улсын төрийн тэргүүнд горилогчид маань монголчуудын бахархал болсон бөхчүүдийг хүртэл хоёр хувааж дөнгөв. Хөрөнгө чинээлэг хэсгийг ч нэг нэгнээсээ харамлаж МАН, АН гэсэн хоёр хэсэгт хуваарилав. Олны танил хүмүүсийг ч тэд бие биенээсээ харамлан хардаж, өөрт нь бүрэн үйлчлээгүй нэгнийг АТГ-аар айлгаж ичээхээ мартсангүй. Эв нэгдлийн бэлэгдлүүд маань шударга байхдаа хүчтэй гэж шулуухан санаатай уриагаа дэвшүүлсэн ганц эмэгтэйгээ элдэвлэж, сурталчилгааных нь сонинг замаас нь дээрэмдэж, айлд тараахаар явахад анаж замаас нь үнэ цохин худалдан авч, өлгөсөн самбарыг нь буулгаж, өнчин намыг нь бүхлээр нь худалдаж авахаар санаархаж байгаа юм. Эрэгтэй улс төрчид эмэгтэй хүнд ингэж ханддагаа, эмэгтэйчүүдийн асуудалд ингэж хандаггаа илтгэн харуулсан сонгуулийн хатуухан өдрүүдэд харуулж дөнгөлөө.

Одоо тэгэхээр яах вэ гэвэл эмэгтэйчүүд энэ Монголын талаас илүү хувийг эзэлдэг л юм бол танхай балмад тавьтаргүй улс төрчдөд ташуур өгье. Тавлаж тоглож байгаа бол тэднээс нэг удаа бүрэн татгалзсан хариу барье гэж талын Монголын эмэгтэйчүүд нэр дэвшигч Н.Удвалд туслахаар тал тал тийшээ мордсон байгаа. Н.Удвал ч тэднээс тулж түшихийг тэдэнд уриалж захидал илгээсэн. Харин захидлын хариу иржээ. Ээжүүд эгшин байж хариу захидал барьсан байна.
Н.Удвалд бичсэн хариу захидал
Эх нутгаа нэхэж сонгоцгооё
Элгэн түмнээ өмөөрч сонгоцгооё
Газар шороогоо хамгаалж сонгоцгооё
Гамшиг дагуулсан улс төрөөс салж сонгоцгооё
Эх орноо аварч сонгоцгооё
Ирээдүй хойчоо бодож сонгоцгооё
Эв нэгдлээ сахиж сонгоцгооё
Эхтэй бүхэн эгшиж сонгоцгооё
Эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмждэг юм байна. Тэднийг зовлон жаргал нэгтгэж чадав. Эмэгтэй хүн хамгийн их ажиллладаг мөртөө хамгийн бага хөлстэй ажил эрхэлдэг. Тэд хамаг хүнд ачаа үүрдэг мөртөө баялгаас бараг хүртдэггүй. Харин цүзгэр эрчүүд архи гүзээлж, айлын эхнэр эргүүлж, авилгал авч, ард түмнээр тохуурхаж яваа. Албан тушаалд очоод ч субботникийг нь эмэгтэйчүүд хийж, өрмийг нь эрчүүд цохисоор ирсэн нь гашуун үнэн. Ямар сайндаа муу захирал эр сайн орлогч эмэгтэйтэй байхад болно гэсэн үг гарах вэ дээ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань урамгүй яваа. Хөдлөөд хөдлөөд хөлс нь бага, чармайгаад чармайгаад нийгэм нь үнэлэхгүй, эрчүүдэд үнэлгээгүй ийм л амьдрал хаа сайгүй байгаа. Тэртээ 1921 онд ‘’ Хүмүүн төрөлхтний дотроосоо хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүд хүмүүжихийн замыг дагалаа даа’’ гээд дуулж байсан одоо ч бахь байдгаараа. Бүсгүйчүүд эрийн дарамтанд, эдийн дарамтанд, сэтгэлийн дарамтанд хичнээн ч жилийг үдэв. Хэнээс ч дутахгүй эмэгтэйчүүд хэлмэгдэн зовж байна. Ажилтай бол ажилтай, боловсролтой бол боловсролтой, царайтай бол царайтай, сэтгэлтэй бол сэтгэлтэй хичнээн олон эмэгтэйчүүд сэмэрч өмөрч яваа. Сэрж эхэлцгээе. Сэтгэлээ нээх эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж эрх биш эрчүүдийн бохир улс төрөөс салж хагацах боломжоо нээцгээе. Сэтэртэй болгонд шинжүүлж, шилж сонгуулж, нас, зүсээр’’ дуудлага худалдаа’’-нд оруулж байгаа эрчүүд давагайлсан бохир улс төрчөөр удирдуулсан нийгмийн энэ алагчлалаас салах цаг болсон. Сайхан цаг бидний гарт байгаа. Садарлах гээд байвал салж чаддаг сайхан үнэнч сэтгэл бидэнд бий шиг, салхитай, савсаг улс төрч эрчүүдээс салцгаае Сайхан ирээдүй бид авчирна. Ээж хүн, эмэгтэй хүн хатууг зөөллөж, уран бэрийн нүүдлээр, Цагаан сүүний хувьсгалаар сайн цагийг түүчээлэн авчирцгаае!

Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна