Б.Бат-Эрдэнэ ард түмнээ алагчилахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын тэргүүн юм.
Энэ айлд ахмад настан, хүүхэд багачууд, идэр залуус, оюутан сурагч, малчин тариачин, бизнес эрхлэгч, сэхээтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа бүгд бий. Хүний эцэг үр хүүхдээ алагчилдаггүй шиг Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй. Иймээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ард түмнийхээ эс бүхэнд тэгш сэтгэлээр хандан хайрлахаа мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Монгол хэмээх энэ их айлд бас төлөвшил хүмүүжил сайтай, ёс жудагтай, сахилга журамтай хэсэг, эрх танхи, дураараа авирлах зантай, үзэл бодлын зөрүүтэй хэсэг ч бий. Хүний эцэг хүүхдүүдийнхээ болж байгааг нь дэмжин урамшуулж, болохгүйг нь зэмлэж тэгшитгэдгийн адил энэ их айлын олон иргэн, нам, бүлэг, хэсгийн сонирхол, үйл ажиллагааны зөвийг нь дэмжиж, зөрүү бурууг нь засч залруулна, загнана бас аргадна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн Ерөнхийлөгчийн хувь хүний онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эв дүй, дагуулан манлайлах үлгэр дууриалал, далайцаас хамаарна. Тиймээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудад найдаж, ахмад үеийнхнээс арга ухаан авч, өөрийн үеийнхэнтэй зөвлөж зөвшилцөж ажиллана хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.