Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна

Moderator
3 цаг 0 минутын өмнө

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-2”-ын 26.4 га талбай бүхий үнсэн сангийн газарт барьж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Төслийн ажил сүүлийн гурван сарын хугацаанд эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Одоогоор станцын нэгдүгээр, хоёрдугаар зуух, турбин, яндан болон уутан фильтерийн суурийн угсралтын ажлыг хийж байна. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.

Төслийн талбайд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан ойролцоогоор нэг сая шоо метр үнсийг зөөж, тээвэрлэх ажил мөн үргэлжилж байна. Одоогоор 300 мянган шоо метр үнсийг зөөсөн бөгөөд уг ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар төслийн ахлах инженер Л.Баасан хэллээ.

Тэрбээр “Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд газрын тэг түвшнээс доош байрлах бүх тоноглолын суурийг бүрэн цутгасан байх шаардлагатай. Тиймээс үнсийг хэсэгчлэн зөөж, зарим хэсгийг талбайн өөр байршилд шилжүүлэн суурийн ажлыг зэрэг хийж байна. Үнс тээвэрлэлтийг зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй байдаг тул голчлон шөнийн цагаар хийсэн. Өдөрт 100 орчим рейс хийж байна. Үнс зөөвөрлөх ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлнэ.

Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд тоног төхөөрөмжүүдийг талбайд татаж дуусгана. Улмаар ирэх оны хавраас тоног төхөөрөмжийн угсралт болон барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 гаруй хувийн явцтай байна” гэв.

Тус станц нь 300 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд хэвийн ажиллах нөхцөлд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэхээр тооцжээ. Энэ нь ойролцоогоор 40 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. 

Монгол Улсын зөвлөх инженер, төслийн техникийн зөвлөх Б.Цэвээн "Станц ашиглалтад орсноор нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулна. Монгол Улсын 2025, 2026 оны өвлийн оргил ачааллын үеийн хэрэглээ 1803 МВт-д хүрч байна. Энэ нөхцөлд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц нь манай улсын хувьд боломжийн хэмжээний эх үүсвэр.

ТӨСЛИЙН 80 ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ САНХҮҮЖҮҮЛНЭ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын 20 хувийг нийслэл, 80 хувийг ерөнхий гүйцэтгэгч “Ми тайм” интернэйшнл компани гаргаж байгаа аж.

Б.Цэвээн энэ хэлбэрээр хэрэгжүүлж байгаа нь талуудын хариуцлагыг тодорхой болгож байгааг онцолсон юм.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа нь аль аль талдаа хариуцлага бий болгож байна. Нийслэл хөрөнгө оруулалтын 20 хувийг, хувийн хэвшил 80 хувийг гаргаж байгаа учраас талууд харилцан шаардлага тавьж, хариуцлага хүлээж ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг давуу тал” гэв.

Эх сурвалж: Нэгдсэн төслийн удирдлагын газар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна