Ажилчид нь хордох Эрдэнэтийн удирдлагуудад хамаагүй юу...?

Moderator
2023/11/17

Улсдаа урдаа барьдаг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хоолондоо хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар шуугиж байна. Хүний эрүүл мэнд, амь настай  холбоотой учраас шуугих нь ч аргагүй.   

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Эрдэнэт үйлдвэртэй бараг л цус нэг болтлоо хамтран ажиллаж байгаа гэгддэг “Оддөл” гэх компани. Тухайн компани үйлдвэрийн ажилчдын хоолыг хариуцдаг.

Тодруулбал “Оддөл” компанийн хийсэн хоолыг нэг ээлжийн ажилчид гэх 40 гаруй хүн идсэн бөгөөд 10 хүн хордсоноос 3 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэдийгээр биеийн байдал нь тогтворжсон гэх ч хоолны хордлогоос үүссэн эмгэг алсдаа хүний эрүүл мэндийг хохироож, амь насанд нь ч хүрч мэднэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас ямагт анхааруулдаг.

Гэтэл хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой эл асуудлыг Эрдэнэт үйлдвэрийнхэн нуухыг хичээсээр байгаа нь үнэхээр хүнлэг бус үйлдэл.

Ажилчид нь ажил дээрээ, ажлаа хийж байгаад хордчихоод байхад хүйтэн хөндий хандаж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт энэ асуудал бугшиж хэвийн үзэгдэл болчхож  гэж ойлгогдож буй бөгөөд ажилчид нь хоолны амт чанар муу, хордлогын шинж тэмдэг үе үе илэрдэг тухай ярьдаг, хэлдэг ч асуудлыг  шийдэхгүйгээр хав дардсаар бүр сурчихсан гэж байгаа. 

Гэхдээ шинжилгээний хариу гарсан. ХӨСҮТ-д явуулсан шинжилгээ нь Эрдэнэтийн  лабораториудад хийгдсэн шинжилгээний хариутай яг таарсан бөгөөд ИНТЕРОВИРУС гэх вирус хоолны дээжээс нь илэрсэн бөгөөд энэ вирус нь гаднын нөлөөллөөс үүсдэг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцлоод байна.

Халуун хоолыг нь хариуцдаг “Оддөл” гэх компанийг Ш.Давааням гэх хүн толгойлдог бөгөөд энэ компанийг өнгөц харахад л Эрдэнэт үйлдвэрийнх гэж ойлгогддог, олны зүгээс ч  тийнхүү ярьдаг.

Товчхондоо бол ажилчдынх нь хоолноос гаднын нөлөөнөөс үүсдэг ВИРУС илэрчхээд байхад  удирдлагууд нь “Учрыг нь ол” гэчхээд  хэнэг ч үгүй суугаа нь  олны бухимдлыг төрүүлж буй юм. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэрийн  эл асуудал  Монголдоо төдийгүй  гаднах ертөнцөд ч  яригдаж хаа байсан Австралиас ч асууж  байх жишээтэй.

Улсынхаа гол ачааг үүрдэг, дүүрдэг байлаа ч ажилчдынхаа эрүүл мэндийг хөсөр хаяж, удаа дараа хоолоор нь хордуулаад байж болохгүй. Тэгээд ч эл асуудал бол Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ыг сөрж буй асуудал бөгөөд  хүнсний аюугүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг асуудал шүү дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна