​ Б.Энхбаяр сайд аа, нүүрсний хэргийг нягталж дуусах нь уу

Moderator
2023/11/07

Нүүрсний хэргийг Хянан шалгах түр хороог УИХ-аас байгуулсан ч цаадуул нь хойргошиж суусаар өнөөг хүргэчихлээ. Тус хороог “толгойлж” байсан Х.Нямбаатар Хотын дарга болсноор дараагийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шилжүүлээд байгаа.
Мань хүн нүүрсний сонсголыг яаравчлуулж байгаа нь үнэн. Олон нийтэд ч хүлээлт үүсгэсэн сэдвийн нэг.
Тиймээс аравдугаар сарын 31-нд Түр хорооны хуралдааны үеэр Б.Энхбаяр “Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион байгуулах нь зүйтэй юм. Эхний сонсголыг ирэх 12 дугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг мөн 12 дугаар сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. Хугацаа шахуу учраас шинжээчийн тоог нэмэгдүүлж, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх саналтай байна” гэсэн.
Түүнчлэн өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзжээ. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан, өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн зэрэг шалтгаанаар нүүрсний сонсголын сураг алдраад байсан.
Харин энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөхөөр Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулахаар төлөвлөжээ. Учир нь нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад руу шилжсэн тул тэрхүү гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас ажиллуулахаар болоод буй.
Ингээд харахад Нүүрсний хэргийн сонсголыг товлосон цагтаа зохион байгуулчхаж болохоор харагдаж буй.
АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухайгаа мэдэгдсэн.
Эдгээрийн уялдааг харахад Хөгжлийн банкны хэрэг шиг цаг хугацааны уртад замхрах, мөрдөн шалгаж, шүүхэд очсон хэргийн талаар олон нийтийн өмнө “тайлагнах” эсэх нь хуулиар хориотой асуудал болчих вий гэх хардлагыг төрүүлэх болжээ.
Өмнө нь Б.Энхбаяр Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой нээлттэй сонсголын үеэр хуулийн хүрээнд, нууцын гарын үсэг зурсан зэрэг үгийг хангалттай сонсож, “амаа алгадуулсан”. Харин одоо яах вэ...
Өмнөхийн адил дуусашгүй үргэлжлэх “бантан зуурчхаад” баатарлаг дүртэйгээ үлдэх үү.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    2023/11/07

    Хиих баих гэж наидахаас.шүгэл үлээж гарч ирээд л сандал нь зөөлдөөд амаа үдүүлдэг.нэг есондоо авилгал авж л дуугүи болж бгаа.тэхгүи цавчаад л эхлүүл ардын баатар болно доо

    Хариулах