​ Нийтийн тээврийн булай нийтээр нь хоморголох ав

Moderator
2023/10/31

Эрх баригчид нийгмээ цэвэрлэх гэж байна хэмээн Хөгжлийн банк, 5Ш ажиллагаа, нүүрсний хэрэг зэргийг зарласан. Мэдээж АН, МАН-гүй л чирэгдэж байгаа. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй жил дамначихсан.
Гэтэл өчигдөр /2023.10.30/ Хотын шинэ дарга Х.Нямбаатар нитийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд төрд их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг нэрлэсэн. Түүний хэлснээс үзвэл нийтийн тээвэрт бугласан асуудлаар нэг биш хүн болоод намын гишүүдийг хоморголох бас нэгэн ав байна уу гэлтэй.
Тэр “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна.” гэдгээ зарлалаа. Энэ нь эгээ л нүүрсний гэх хэрэг шиг үргэлжилж мэднэ гэх агуулгыг ч давхар харууллаа.
Учир нь 2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийсэн бөгөөд МАН, АН-ынхан ээлжилж төр барьсан үе.
Анхных буюу болох 2009 оныхоос эхлэхээр тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын дарга Г.Мөнхбаяр нар шалгагдах шаардлагатай болж байгаа аж.
Тэдний хамтрал 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч өдгөө татвар төлөгчдийн мөнгө бусдын халаасыг зузаатгаад л дууссан нь бараг түүх юм уу даа.
Тодруулбал, тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Deawoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25,161,000 ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэр нь улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр арван аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Х.Нямбаатар дэлгэсэн.
Тэр өмнө нь ч ХЗДХ-ийн сайд байхдаа олон хэргийн талаар мэдээлэл түгээсэн. Бас ярьсан. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй л явна.
Харин энэ удаа асуудал хаашаа хөврөх вэ. Нийслэлчүүдэд шинэ автобус авч өгөхийн тулд мэдээллийг ил болгов уу. Эс бөгөөс нэгэнт дөхчихсөн сонгуульдаа оноо цуглуулахын тулд АН, МАН-гүй дайрч эхлэв үү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна