Aljazeera: Казак ард түмний бүргэдээр ан хийх урлагийн гайхамшиг

Moderator
2023/09/25



Aljazeera Монгол Улсын Казак ард түмний уламжлал бүргэдээр ан хийх урлагийн талаар ийнхүү бичжээ.

“Монголын баруун хязгаарт эгэл жирийн хөдөөний малчин айлын хаяанд бүргэд шувуу хөдөлгөөнгүй тушигджээ. Зэрлэг махчин шувууг хөлөөс нь бэхэлж уясан байхаас гадна, нарийхан толгой, нүдийг нь далдлан хар арьсан малгайгаар бүрхсэн байв. Зөвхөн хошуу нь үл ялиг харагдана.

Энэ айлын охиныг Сэмсер гэх бөгөөд тэрбээр удам дамжсан бүргэдчин казак гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Ажкен Табысбек, аав Шохан нар олон арван жилийн турш улсын чанартай бүргэдийн тэмцээнд түрүүлж байсан арвин туршлагатай хүмүүс юм.

Сэмсер өдгөө 23 настай, өглөө бүр эртлэн босож үнээгээ саан, шаламгай гэгч нь ажлаа амжуулна. Түүний хэлснээр бүргэд барихад эмэгтэй хүн ч явж болдог гэв.

2013 онд бүргэдчин залуу Айшолпан Нургайв Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденскийн гэрэл зурагт бууснаар Монголын казах эмэгтэйчүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Анчин болон бүргэд нь хоорондоо нягт холбоотой байх төдийгүй анчин бүр өөр өөрийн гэсэн бүргэдтэй байна. Ихэнх анчид бүргэд шувууг нисэж сурсны дараа барьдаг бөгөөд энэ нь эзэнтэйгээ нягт холбоотой харилцаж сургахад дөхөм болгодог ажээ. Мөн эм бүргэд илүү түрэмгий зантай байдаг тул ан хийхэд түлхүү ашигладаг байна. Бүргэдийг ан хийхэд сургахад олон жил шаарддагийг туршлагатай анчид хэлж байлаа.

Түүнчлэн Сэмсер бидэнтэй ярилцахдаа “Би эрэгтэйчүүдийн хийдэг ажлыг ч хийхийг хүсдэг” хэмээн хэлж байв. "Казахстаны эмэгтэйчүүдийн түүх" төрийн бус байгууллага, Казак эмэгтэйчүүдийн виртуал онлайн музейг үүсгэн байгуулагч Динара Асанова “Монголд бүргэдээр ан хийх урлаг үе дамжин амьдарсаар байгаа бол үүнийг хадгалж үлдэхийн төлөө байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.” гэжээ.