“Өвчин хэлж биш, хийсэж ирдэг” гэлцдэг. Гэвч эсрэгээрээ өвчин хийсэж биш хэлж ирдэг гэж хэлбэл үнэнд илүү дөхнө. Иймд хэлж ирж буй өвчнөө даамжруулах аюулаас урьдчилан сэргийлэх алхам хамгийн томоор яригдах сэдэв.
Монгол Улс 2022 оны 5 дугаар сараас эхлэн өвчлөлийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлсэн. Мөн 2023 оны 6 дугаар сарын байдлаар нийт хүн амын 31 хувь нь буюу 1 сая гаруй хүн эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 60.5 нь хүүхэд байгаа юм.
Шүд эрүүл бол бие эрүүл
Эндээс онцолбол эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдэд түгээмэл тохиолдож буй өвчлөл шүдний цооролт байгаа нь яах аргагүй анхаарал татна. Эрүүл мэндийн сайд Ч.Чинзоригийн өнгөрсөн хаврын чуулганаар танилцуулсан мэдээллээр “гурван настай гурван хүүхэд тутмын нэг нь, таван настай гурван хүүхэд тутмын хоёр нь, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гурав нь, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байна” гэв. Уг мэдээлэл шүд цооролтын асуудлаар ШҮГЭЛ ҮЛЭЭХ цаг болсныг үггүй илтгэж байсан юм.
Нэг ёсондоо бид амны хөндийн эрүүл мэнддээ аль эрт анхаарахаа больчихсон бүхэл бүтэн үеийг бэлтгэж байсан гэсэн үг. Үүнд эцэг эхчүүдийн мэдлэг, мэдээлэл дутуу байдал ч нөлөөтэй.
Мөн хамгийн харамсалтай нь шүд цоорох өвчлөл зүрх судас, уушгины өвчлөл, цус харвалт зэрэг 280 гаруй өвчлөлийн суурь шалтгаан болдог гэх судалгаа бий. Мөн АШУҮИС-ийн Хүүхдийн нүүр ам судлалын багш Ж.Дэлгэрцэцэг “Цоорсон шүдтэй хүүхдийг эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулбал өсөлт хөгжлийн үзүүлэлт нь сул байдаг” талаар хэлж байв. Энэ нь олон улсын туршилтаар ч батлагдсан байдаг.
Тэгэхээр бид эрт илрүүлгээр илэрсэн “ЭРҮҮЛ ШҮДГҮЙ АРМИ”-ийг дээр дурдсан аюулаас хамгаалахын тулд эмчлэх ээлжит сорилттой нэгэнт тулсан гэсэн үг. Гэхдээ хамгийн чухал нь тахал шиг тарсан шүдний цооролт дараагийн шат руугаа даамжрахаас өмнө олж оношлоод, арга хэмжээ авах боломж бүрдүүлж байгаа нь эрт илрүүлгийн АЧ ТУС юм.
Шүд цооролттой дайн зарлав
Тухайлбал Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд СӨБ болон ЕБС-д өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа мэдээлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 3 дугаар сард “шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах болон 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх”-ийг холбогдох албаныханд үүрэг болгосон байдаг.
Нэг ёсондоо эрт илрүүлэгээр илэрсэн шүдний цооролтын эсрэг манай улс бодлогын түвшинд хариу арга хэмжээ авч, ажиллаж байна. Энэ л үр дүн юм.
Сайн туршлага
OSD /Orchard Scotts Dental/ цахим хуудсанд дэлхийн хамгийн эрүүл шүдтэй иргэдтэй 10 улсыг жагсаан бичихэд, Дани улс тус жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Харин CDHP цахим хуудсанд нийтлэгдсэн Данийн иргэд яагаад шүдний өвчлөлд бага өртдөг талаарх нийтлэлд “тус улсын хүүхдүүд эрт илрүүлэг, шүдний тогтмол үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагддаг” болохыг онцлон бичжээ. Энэ л Даничуудын эрүүл шүдний нууц юм.

Эдгээр баримтуудаас үзэхэд ЭРТ ИЛРҮҮЛЭГ иргэдийн дунд нүдэнд харагдахгүйгээр тархаж буй түгээмэл өвчлөлтэй тэмцэх шалгарсан арга болж буй нь харагдана.
Статистик мэдээллээс үзэхэд Монгол Улс хүүхдийн шүд цоорох өвчлөлд сүүлийн 40 жил ялагдсан байдаг. Харин энэ удаагийн эрт илрүүлгийн үр дүнд үндэслэсэн ул суурьтай бодлого шийдвэрийн үр дүнд манай улс энэ өвчлөлд “БАЯРТАЙ” гэж хэлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Эх суравлж: Dentalcare.mn, CDHP.org, Orchardcotssdental.com
https://dentalcare.mn/post/118450/
https://www.cdhp.org/why-does-denmark-have-the-healthiest-teeth/
https://www.orchardscottsdental.com/10-countries-whose-citizens-have-healthy-teeth

CDHP Dental Health Project – Teeth Health Guides
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна