Сургууль гэдэг чинь улс төр биш шүү Болор гуай!

Moderator
2023/07/05

Хүндэт сурагчид аа, хүндэт эцэг эхчүүд ээ!
Та бүхэнд дуулгах, хуваалцах зүйл байна. Харамсалтай нь энэ таатай мэдээ биш байна. Гэвч та бүхнийг анхааралтай уншаасай гэж хүсэж байна.
Юуны өмнө Монгол Оросын Хамтарсан Сургууль гэх 30 гаран жилийн түүхтэй, шилдэг сургуульд багш хэмээх үүргийг хүлээн мундаг хүүхдүүдэд хичээл зааж, хамтдаа инээж, уурлаж, зэмлэж, өсөж хөгжиж, амьдралын саад бэрхшээлүүдийг даван туулж өнгөрүүлсэн цаг хугацаандаа сэтгэл дүүрэн байж, нэр хүндийн ажил хэмээн бодож явдгаа илэрхийлмээр байна.
Сургуулийн удирдлага солигдсон цагаас хойш, ялангуяа 2023.02 сараас эхлэн манай сургуульд хөл толгой нь олдохгүй, замбараагүй, салан задгай байдал нүүрлэх болсон. Хичээлийн хонх цагтаа дуугарахгүй, эсвэл завсарлахаас 5 минутын өмнө дуугарах зэрэг нь байдаг л зүйл болж эхлэв. Багш нар ч учир битүүлгээр гэнэт ажлаасаа гарч хятад, герман хэлийг сонгон судалдаг хүүхдүүд таны хичээлд сууж болох уу учир нь манайд хэлний хичээл орохгүй байна гэж орж ирэх нь элбэгшив. Ариун цэврийн өрөөнд гар арчих цаас, 00 цаас зэрэг ч харагдахаа байж, цэвэрхэн гял цал байдал аажим аажмаар алдагдаж эхлэсэн. Үүнийг сурагчид ч гэсэн анзаарсан байх.
Япон хэлний тэнхимийн тухайд 2022.09 сараас эхлэн маш бүтээлчээр санаачлагатай ажиллахыг хичээж олон ажлыг хичээлээс гадуур санаачлан хийхээр төлөвлөв. Тухайлбал 12 сард уран бичигтэн багш нарыг урих, бага ангийн сурагчдыг идэвхжүүлэх аниме клуб, ахлах ангийн сурагчдад зориулсан Япон болон ОХУ-ын их сургуулийн оюутнуудтай онлайн ярилцлага хийх, Кочи мужтай хамтын ажиллагаагаа сэргээх зэрэг ажлуудад ханцуй шамдан оров. Энэ хугацаанд Болор захирал 2022.12 сар хүртэл бүх зүйлээр дэмжин хэмээн хамтарч ажилж байсан ч 2023.02 сараас хойш өмнөх ярьж, хэлж байсан үг, агуулга нь өөр болж эхлэсэн төдийгүй, уулзахаас татгалзах, байнга л боловсролын яам руу дуудагдах, цаг товлосон ч нүдэн дээр зөрөөд гарах зэрэг асуудал үүсэж эхлэсэн.
Уг нь ингэж санаачлага гаргаж, илүү цагаар ажилж байгаа багш нарыгаа урамшуулах байтал эсрэгээрээ гай, төвөг мэт харж эхлэх болсон. Миний өрөөнөөс гар, ядаргаатай амьтан бэ энэ тэр зэрэг үгсийг хэлж байсан. Утсаар залгахаар утсаа авахгүй, мэйл бичихээр хариу ирэхгүй, өрөөнд яваад очихоор байхгүй. Захирал хүний шийдвэр хэрэгтэй ажилд ингээд захирал олдохгүй байх үнэхээр тамтай юм билээ.
Яагаад хамгийн их ажилласан багш нар, тэвхэнд тээглэсэн яс, шүдэнд хавчуулагдсан мах мэт адлагдаж, хавчигдах болов гэдгийг бага багаар ойлгож эхлэсэн.
Кочи муж руу өмнө нь манай сургуулиас бараг 20 орчим жил сурагч солилцоо хийсэн туршлагатай бөгөөд энэ ажил ковидын улмаас зогсонги байдалд орсон ба дахин эхлүүлэхийн тулд Болор багш 2023.01 сард албан айлчлал хийгээд ирсэн ч тэр хөтөлбөрт нэг ч хүүхэд яваагүй байхад ямар нэгэн аяллын компаний хөтөлбөрт 32 хүүхэд явсан. Энэ хөтөлбөр зүгээр л бизнес байсныг явж ирсэн сурагчдаас сонссон.
Дээрх үйлдэл нь Кочи мужид манай сурагчдыг хүлээж авахаар бэлдэж буй Кожи багшийн нүүрэнд шавар нялж байгаатай адил худрагагүй, шившигт хэрэг юм.
Үүний дараагаар манай сурагчдад хичээл орох, цаашлаад манай сурагчдаас жил бүр,10 салбар сургуультай, 2 их сургуулийн кампустай Кобе Гакүин Их Сургуульд төгсөгчдөө илгээх гэрээг үзэглэх ёстой байсан. Гэвч тийм юм болоогүй. Хамгаалагчдаар хамгаалуулж байгаад биеийн тамирын залаар гараад зугатсан. Би үүнийг үнэхээр ойлгохгүй, ухаан хүрэхгүй байна.
Энэ бүхэн надад төдийгүй хамтран ажилладаг Дайки Кояама багшид маш хэцүү, дарамттай байсан. Бид захирлыг урьсан зочинтойгоо уулзахгүй, бүдүүлэг байдлаас болж, тэр том эрдэмтэн хүний өмнө нүүрээ хийх газраа олохгүй, хичээлийн эрхлэгч эсвэл захирлын нарийн бичигийн ажилтны өрөөнд гүйж очиж уйлахаас өөр хийж чадах зүйлгүй болох үе ч байсан.
Энэ бүхнээс харахад одоогийн захирлын албыг хашиж байгаа Болор гэх хүн яг энэ сургуулийн захирал мөн үү, хүүхдүүдийн эрх ашигийг бодоод байна уу, өөрийн эрх ашигаа тэргүүнд тавиад байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна.

Ажлаа сайн хийдэг багш нарыг үнэлж байна уу эсвэл өөрийнх нь талд орж бизнесийг нь дэмжиж байвал ЗАЛХУУ, ХҮҮХДҮҮДИЙГ ЗАЛХААДАГ багш байсан ч хамаагүй хаацайлан авч үлдээд байна уу гэдэг асуултын хариу өнөөдөр миний хүлээн авсан хөдөлмөрийн гэрээг сунгахгүй, дуусгавар болгох албан бичгээр нотлогдох шиг болж байна.


Уучлаарай, гадаад хэлийг хуулан бичиг хийж сурдаггүй юм. Үүнийг орос, англи хэлийг төгс эзэмшсэн Болор та мэдэхийн цаагуур мэдэж байх ёстой.
Эцэг эхчүүд ээ! Таны хүүхдүүд, миний сурагчид ямар ухаантай, ямар мундаг болохыг мэдэх үү? Хүүхдүүдийг минь дорд үзэхээ болино уу. Хүүхдүүдийг минь, тэдний эцэг эхийг мөнгө гэж хардгаа болино уу Болор гуай.
Би гэрээ сунгаагүйд харамсаад байх юм байхгүй. Сургууль багштай гэрээгээ сунгахгүй байж болно. Тийм хууль нь ч бий. Тэгээд чи юу гээд байгаа юм бэ гэж үү?
Би хүүхдүүддээ, сурагчиддаа ялангуяа энэ жилийн 9-р ангийн япон хэл үздэг сурагчдын өмнөөс, тэдний хичээл зүтгэл, асгаруулсан хөлс, хүч хөдөлмөрт үнэхээр харамсаж байна. Тэдний гэрэлтсэн нүд, гялалзсан оюун ухааныг нь дахиад залхаах уу, хуулан бичиг хийлгэх үү? 6,7,8-р ангийнхан үсгээ ч сайн мэдэхгүй 9-р ангидаа дэвшиж орсоор л байг уу?
Томчууд гэдэг бол хүүхдүүдийн өмнө хариуцлагатай байх ёстой, хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж, баллаж болохгүй ээ. Миний сурагчид багшийгаа уучлаарай, багшийнх нь чадал энэ хүрээд дуусаж байна. Багш нь та бүхний өмнө насанд хүрсэн хүний хувиар тэвчиж болох, тэсэж болох бүхнийг хийж байгаад ядаж нэг хүүхдэд ч болов ирээдүйн замыг нь гэрэлтүүлж өгөхийг хүссэн. Түүний төлөө би өвдөг сөгдсөн юм. Захирлыг гарч ирээд энэ уригдаж ирсэн хүнтэйгээ гэрээ хийгээд өгөөч гэж, гэвч захирал хийгээгүй, үүнийг та нар мэдэх эрхтэй. Тэр өдөр нь өнөөдөр байж.
Ийм байдалтай байвал энэ сургуульд сайн багш үлдэх болов уу, сайн сурагчид төгсөх болов уу?
Би хүнд ая тал засахдаа муу, адайрдуу ааштайгаа мэднэ. Гэхдээ би ажилтай байхын тулд Болор багштай нийлж, хүүхдүүдээрээ бизнес хийгээгүйдээ сэтгэл хангалуун байна. Би ямар ч эцэг эхийн өөдөөс эгцэлж харахтайгаа байна.
Эцэст нь хэлэхэд хүндэт эцэг эхчүүд ээ, гавьяат багш, доктор Соронзон багш аа, энэ сургууль ингээд л байж байг уу? Гавьяатай нэгэн нь бүтээн босгох гэж 30 жил зарсан байхад, гайтай нэгэн нь гурван жил ч болоогүй байхад үрэн таран хийх гэж байна энэ сургуулийг. Би үүнд харамсаж байна, шаналж байна, гуниглаж байна.


Сургууль гэдэг чинь улс төр биш шүү Болор гуай! Энд хүүхдүүд сурч хүмүүждэг, эрдэм боловсрол эзэмшдэг газар болохоос улс төрчдийн олзоо хуваадаг уушийн газар биш шүү гэдгийг хатуу хэлмээр байна. Сургууль гэдэг чинь багш нарыгаа хятад японоор нь дуудаад, ор гар гэдэг ч газар биш, сургууль бол таны гэрийн гал тогоо биш, таны унтлагын өрөө биш! Тиймээс та багш нарыг гар зайл гэж хэлэх эрхгүй.


Би биш та энэ сургуулиас яваад өгмөөр байна. Тэр ордон дотроо очиж ажлаа хий л дээ та. Та энэ сургуулийн захирал биш завхруулагч шиг байна.


МОХС-ийн япон хэлний багшийн ажлаас 2023.06.30 өдөр чөлөөлөгдсөн Ц.Майдармаа.




Сургууль гэдэг чинь улс төр биш шүү Болор гуай!
Сургууль гэдэг чинь улс төр биш шүү Болор гуай!

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.204
    2023/07/05

    Япон хэлний багш Хүүхдүүдийг залхааж хатуу харгис аргаар Соронзон багшын диктатураар хичээлээ зааж болохгүй бх оо

    Хариулах
  • 202.179.26.219
    2023/07/05

    Соронзон гуайн ажилд авсан Япон хэлний багш ажлаасаа чөлөөлөгдөөд хариу захидал эцэг эх, Соронзон гуай нарт бичиж бн

    Хариулах