Нийслэлд ногоон орчин үгүйлэгдэж байна

Moderator
2023/07/04

Цементэн ширэнгэ болсон Улаанбаатар хотод иргэд амарч, салхилж суух ногоон байгууламж туйлын их үгүйлэгдэж байна. Ямар сайндаа л төв талбай дээр хөл бөмбөгийн тэмцээнд зориулж дэвссэн хуурамч зүлгэн дээр бөөнөөрөө тухалж байхав.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээ 470 мянган га бөгөөд 36.287 га нь суурьшлын бүс юм. Үүнээс дөнгөж 637.7 га нь ногоон байгууламж. Одоогоор нийслэлийн хэмжээнд  нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.5 м2 байна. Гэтэл дэлхийн нэг хүнд оногдох ногоон байгууламж 9 м2 байх стандарттай. Дэлхийн томоохон улс орнуудад энэ тоо стандартаас хавь илүү буюу 16 м2 байх нь бий. Гэвч манай улсын хэтийн зорилго буюу 2025 онд 8 м2 болгохоор зорьж буй нь дэлхийн стандартад ч хүрэхгүй байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлдээ ногоон байгууламж бүхий зам, талбайг олон болгохоор ажиллаж, “Хотдоо ургуулъя” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум тод” төсөл ч амжилттай хэрэгжиж буй. Гэвч улсынхаа бодлогоос тэс хөндлөн үйл хөдлөлтэй эрх мэдэлтнүүд байх. Зайсангийн замд торойн үлдсэн цэцэрлэгт хүрээлэнг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нь сүйтгээд хотхон барихаар зэхэж байна. 

Монгол Улсад цөлжилт нүүрлэж, хаа сайгүй шороо шуурч буй энэ хүнд үед мод тарих нь маш зөв бодлого. Шинээр тарьж ургуулахаасаа өмнө ургачихсан хэдийгээ хамгаалах ч хэрэгтэй. Сугалсан модных нь хэмжээгээр торгоод өнгөрөх бус газрын зөвшөөрлийг нь цуцалж, хэсэгхэн газраа ч болтугай ногоон хэвээр нь үлдээж гэмээнэ зөв шийдэл болно. Дэлхий цөлжилтийн эсрэг тэмцэж, монголчууд "Тэрбум мод" хөдөлгөөнийг эхлүүлж, стандартыг чухалчилж буй энэ үед сөрөг, хар үйл ажиллагаа  бүхний эсрэг бултаараа тэмцэх учиртай. Тэр тусмаа Нийслэлийн удирдлагууд бүр ч илүү ажиллах учиртай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна