Х.Булгантуяа сайд аа, хүүхдийн мөнгө авдаггүй 9 хувийн хэд нь УИХ-ын гишүүн бэ

Moderator
2023/06/12


Х.Булгантуяа сайд “Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөө “Хүүхдийн төлөө санд” хандивлаж болно” гэчих юм. Өнөөгийн нийгэмд тийм үйлдэл иргэдийн сэтгэл зүрхнээс гарах болов уу. Ядахад төрийн түшээд, улстөрд нөлөө бүхий хүмүүс нь Засгийн газрын тусгай сангуудыг тоносон нь ил болчихсон байхад шүү.
Тэр бас “Өмнө нь хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 хувь олгодог байхад 10 хувь нь огт авдаггүй байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө авахгүй хүмүүс байж магадгүй. Амьдралын боломжтой ч байдаг юм уу тухайн хүний л сонголт байх. Хэрвээ хүүхдийн мөнгө авахыг хүсвэл нэг их хүндрэлгүйгээр шийднэ. Долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө шинээр авах хүмүүсийн хүсэлтийг авна. Бүгдээс нь хүсэлт авна гэвэл хөдөлмөр халамжийн систем, хэлтсүүд ч ачааллаа дийлэхгүй болно. Долоодугаар сарын 1-н ойртож байгаа учраас иргэдийн хувьд ч бухимдана. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг цахимаар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан авах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэсэн тайлбар тавьж байгаа юм.
Үнэндээ хүүхдийн мөнгөөр сонгуулийн шоугаа л хийж байгаа юм биш үү гэх хардлага төрж байгаа биз.
Эрхэм сайдын хэлсэн тухайн үеийн 10 хувь, одоогийн 9 хувьд ямар өрхийн хүүхдүүд хамрагдахгүй байгааг нарийн судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасаар байх уу.
Оны эхнээс нэрлээд байгаа 9 хувь гэдэгт хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй, хэрэгцээтэй олон өрх багтсан. Хөөцөлдөөд явахад ердөө байр, машинтай учраас гэдэг шалтгаанаар хасагдчихсан. Тэр нь зүгээр ч үгүй лизингийнх шүү. Авъя гээд байхад нь өгөхгүй байсан гэсэн үг.
Тийм атлаа өнөөдөр дахиад л хүсэлт гаргаж өг гээд байгааг хэрхэн ойлгох вэ.
Үнэн хэрэгтээ эрхэм сайдтан та, яг энэ асуудлаа хэсэгхэн анхаараад нэрлээд байгаа 9 хувьд чинь ядаж УИХ-ын хэдэн гишүүн байгааг тоолоод нэг үзээч. Төрд заларсан ч хүүхдийн мөнгөө авахгүй, авдаггүй гээд хэлчих сэтгэлтэй гишүүн ч бараг байхгүй л болов уу. Тийм байхад иргэд “Хүүхдийн төлөө сан”-д хандивлана гэдэг бүр үлгэр байх шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна