Дөрвөн тэрбумыг МАН-д "өгсөн" Ж.Ганбаатарыг дарга нар нь хэзээ ШҮҮРДЭХ вэ

Moderator
2023/04/06

МАН XXX их хурлаараа авлигыг үгүй хийж, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг төр байтугай намаасаа хөөхөөр болсноо зарласан. Үргэлжлүүлээд эрх баригч намын хувиар энэ Засгийн газраа энэ жилээс эхлээд авлигагүй болгоно гээд 5 Ш ажиллагааг эхлүүлсэн.

Арлын оронд аж төрөн, амар жимэр суусан Т.Бадамжунайг авч ирснээр ШУВУУ ажиллагаа эхэлж, иргэдийн итгэл үнэмшил ч сэргэлээ.
Ахиад цаашлуулж харвал ШҮҮР ажиллагаа ч эрчээ авч, төрийн албанд шалгалтгүй орсон, танилын шугамаар ажиллаж байна гэх шалтгаар цэцэрлэг, сургуулийн багш нарыг халж байна.
Тэгвэл төрийн эрхэнд төгрөг, мөнгө цацсан хэмжээгээрээ албан тушаалд очсон УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг яах болж байна.
Ахиад наахнуур нь илэхэд МАН-ын чинь нэрээр БГД-т өөрийн хүмүүсээ шигтгэж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж буй Ж.Ганбаатарынхаа толгойг илсээр байх уу.
Их хэмжээний мөнгө, хөрөнгө намдаа хандивласан гээд бүхэл бүтэн дүүргийн МАН-ын дарга болгосон. Өнөөх нь БГД-ийг өөрийн аль нэг охин компани мэт л ашиглаж суугаа.
Энэ тухайгаа Ж.Ганбаатар гишүүн өнгөрсөн жил дүүргийн МАН-ын хорооны хурлын үеэр хэлсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэр “Намд доод тал нь хоёр тэрбум төгрөгийн хандив өгдөг. Төв намд шүү дээ. Уучлаарай нийслэлийн намын хороонд ч ялгаагүй. Тэглээ гээд дүүрэгт зарцуулж байгаа юмнуудаа яриад баймааргүй байна. Магнайбаярын асуултад би нэг хариулъя. Магнайбаяр гэж ичихгүй худлаа ярьдаг нөхөр байна шүү дээ. Хувийн карманаас би чамд 200 сая төгрөг өгсөн. Бүр хувийн карманаас шүү.” гэж ярьж байв.
МАХН-ын гишүүн байсан Э.Магнайбаярыг МАН-ынх болгохын тулд мань Ж.Ганбаатар 500 сая төгрөг амласан гэдэг асуудал тухайн үед гарч байсныг олон нийт санаж байгаа биз.
Тэгвэл түүнээс өмнө Ж.Ганбаатар МАН-д хоёр тэрбум, нийслэлийн МАН-ын хороонд хоёр тэрбум гээд нийт дөрвөн тэрбум төгрөг өгсөн болж таарч байна.
Тиймээс ч түүнийх нь хариу болгож УИХ-ын гишүүнээс гадна УУХҮ-ийн сайд болгож, давхар дээл өмсүүлж гэх хардлагыг ч батлах шиг.
Ж.Ганбаатарын тухайн үеийн яриаг БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа ч баталж ярьсан.
Уг нь Засгийн газар 5Ш хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж байгаа бол хамгийн түрүүнд Ж.Ганбаатарт хариуцлага тооцох ёстой гэдэг нь дээрхээс харагдах биз. Уг нь түүнийг энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.2, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг бөгөөд энэ нь 12- 20 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг байлтай. Гэвч тэр улам бүр албан тушаалын шат ахиж байна.
Одоо бүр Хотын дарга Д.Сумъяабазарын өмнөөс шийдвэр гаргаж яваа шүү. Хөрөнгө, мөнгөтэй байлаа гээд Ж.Ганбаатар чинь Засгийн газрын үйл ажиллагаа, төлөвлөгөөний эсрэг ажиллаж байгаа нь 5 Ш хөтөлбөрийг чинь салхинд хийсгэх эхлэл юм биш үү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна