“Миний ээж намын золиос болсон, маш их гомдолтой байна”


-ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН Ч 85 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТТЭЙ УЧИР АМЬ НАСЫГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ АЖЭЭ-


Завхан аймгийн Идэр суманд төрийн албанд 28 жил ажилласан Т гэх эмэгтэй ажлаасаа халагдсаныхаа дараа өөрийгөө шатааж амиа хорлосон хэрэг гарсан. Сонгууль бүрийн дараа аль нэг нам төрийн эрхийг гартаа авмагцаа төрийн албан хаагчдыг хомроглон халдаг нь нууц биш. Үүний нэгэн адилаар дээрх эмэгтэй улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ажлаасаа халагдсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Түүнийг эсэргүүцэн Идэр сумын иргэд жагсаал зохион байгуулж, сумын удирдлагуудаа огцрохыг шаардсан билээ.

 

zawhan

 

Зураг: Идэр сумын засаг дарга Н.Баярмаа

 

Завхан аймгийн Идэр суманд орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан бөгөөд энэ дагуу тус намын гишүүн Н.Баярмаа Засаг даргаар нь томилогджээ. Тэрбээр талийгаачийг ажлаас халах үүргийг сумын ЗДТГ-ын даргадаа өгсөн байдаг. Энэ дагуу талийгаачийг ажлаас халах шийдвэрийг гуравдугаар сарын 14-нд гаргажээ. Үүнээс хойш талийгаач сэтгэл санаагаар унаж, шөнө унтахаа больсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй юм.

 

Талийгаач Т 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй, хүүхэд оюутан, амьдрал хүнд байгаа тухайгаа сумынхаа ойр дотны хүмүүст ярьж байсан аж. Энэ бүх шаналлыг тэвчиж дийлэлгүй өөрийгөө шатааж амиа хорлох замыг сонгосон нь олон нийтийг цочирдуулаад байна.


Хэрэг гардаг шөнө талийгаач унтахгүй хэд хэдэн удаа орж гарчээ. Хамгийн сүүлд нөхөртөө “Бие засаад ирье” гэж хэлж гараад нэлээд удсан байна. Санаа нь зовсон нөхөр нь араас нь гартал өөрийгөө шатааж байсан аж. Ингээд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч 85 хувийн түлэгдэлттэй байсан учир амь насыг нь аврах боломж байгаагүйг сумын эмнэлгийн ажилтнууд хэлэв.

 

-АЖЛААС ХАЛАГДАХДАА НАДАД АМЬДРАЛЫН ЗОВЛОНГОО ЯРЬЖ БАЙСАН-


Т бүсгүйн ажлаас халагдах болсон шалтааныг нутгийнхан нь намын харьяаллаас үүдэлтэй гэж тайлбарлаж байгаа ч сумын удирдлагууд өөр тайлбар хэлж байна. Тухайлбал, сумын Засаг дарга н.Баярмаа “2015 онд Төрийн сангийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулсан. Энэ ажлын байран дээр гурван хүн өрсөлдсөн байдаг. Шалгалтад талийгаач гурваар гарч ирсэн байсан. Энэ асуудлыг тухайн үедээ хуулийнх нь дагуу шийдчихсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан гэж бодож байна. Бид хуулийнхаа дагуу шалгалтад нэгээр гарч ирсэн хүнээ албанд нь томилоод, тухайн хүнийг чөлөөлсөн ийм л асуудал байсан” гэсэн тайлбар өгөв.

 

zawhan

 

Зураг: Идэр сумын ЗДТГ-ын дарга Д.Батчулуун


Эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн Идэр сумын ЗДТГ-ын дарга Д.Батчулуун “Хууль шүүхийн байгууллага нь шалгаж байна. Дүгнэлт, шийдвэр нь гарах байх. Би Төрийн албаны зөвлөлийн бичиг баримт ирэхэд талийгаачид танилцуулаад, хууль тогтоомжоо уншаарай, ажлаас чинь чөлөөлөхөөр болж байна” гэдгийг ойлгуулсан. Би амьдралыг нь мэднэ л дээ. Олон жил хамт ажиллаж байгаа болохоор амьдралын зовлонгоо ярьж л байсан. Гэхдээ албан ёсоор өргөдөл бичиж өгөөгүй. Цалингийн зээлтэй, хүүхэд оюутан гээд ярьж байсан” гэсэн юм.

 

Талийгаачийн ажлыг авсан Н нь 2015 онд шалгалтдаа нэгээр гарч ирсэн ч тухайн үеийн удирдлагууд өндөр оноо авсан хүнийг бус гурваар гарч ирсэн талийгаачийг ажилд авсан юм байна. Ингээд Н нь аймгийнхаа Төрийн албаны зөвлөлд гомдол мэдүүлж, хөөцөлдсөөр өнөөдөр ажлаа авч байгаа нь энэ аж. Тэрээр долоон сартай жирэмсэн бөгөөд Засаг даргын орлогчийн эхнэр юм байна. Идэр сумын иргэд ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн сумын удирдлагуудын шийдвэрийг хууль бус гэж үзэн эсэргүүцэж байгаа аж.  

 

Талийгаачийн охин ээжийнхээ үхлийг цэвэр намын золиос боллоо гэж үзэж байна. “Миний ээж алдаа зөрчил гаргаагүй. Улсын байгууллагад 28 жил тасралтгүй ажилласан. Тав дахь өдөр ээжийг нь ажлаас халах болчихсон байна гэж над дээр уйлж ирсэн. Тэр өдрөөс эхлээд сэтгэл санааны дарамтад орж, олон хоног нойргүй хоносон. Намын золиосоор ээж минь амиа алдлаа, маш их гомдолтой байна” хэмээн охин нь уйлан ярьж сууна. Талийгаачийн ар гэрийнхэн сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээгээр Т-г Төрийн сангаас мөнгө идсэн, хүнд өвчтэй байсан” гэх худал мэдээлэл цацагдаж байгааг үгүйсгээд, Идэр сумын удирдлагуудад гомдолтой байгаагаа хэллээ.

 

ӨМНӨХ МЭДЭЭЛЭЛ:


Ажлаасаа халагдсан эмэгтэй амиа хорложээ ЭНД ДАРЖ үзнэ үү

Намын харьяаллаар ажлаас халдаг байдал эмэгтэйг амиа хорлоход хүргэв үү ЭНД ДАРЖ үзнэ үү

Ж.МАРАЛ

 

ЭХ СУРВАЛЖ: Medee.MN


ider sum