Хүч хэрэглэсэн ”Дүнжингарав” уралдаан хүчирхийлэл дагуулав


Өнгөрсөн оны хоёрдугаар сард, Хөдөлмөрийн сайдын тушаалаар  жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат энэ онд зохион байгуулах хаврын болон зуны хурдан морины уралдааны товыг тогтоосон юм. Ингэхдээ “Дүнжингарав” хурдан морьдын уралдааныг өчигдөр  буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд  зохион байгуулахаар  товлосон. Дээрх зарлагдсан товыг түдгэлзүүлэх шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс өнгөрсөн Баасан гаригт гаргасан хэдий ч хуулийг зөрчих гэж баталдаг мэт Морин спорт уяачдын холбоо Дүнгаравын уралдааныг өчигдөр тогтсон газраа болзсон газраа зохион байгууллаа.


Ийн хуулийг гууль болгосон энэхүү үйлдэлд  олон нийт ихээхэн дургүйцэж буй нь тодорхой. Учир юу гэвээс энэ уралдаан нь жилийн жилд багачуудын уйлаан, баячуудын баяр болоод л өнгөрдөг. Өвлийн хүйтэнд хурдан морь унаж байгаа хүүхэд амь насаа хутганы эр дээр аваачиж уралдаанд оролцдог. Азтай аавын хүү нь  эрүүл саруул буцаж ирэх бол азгүй нэг нь эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох эрсдэлийг дагуулдаг. 



 

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хурдан морь унадаг хүүхдүүдийн мэдээллийн сан үүсгэсэн бөгөөд  үүнд 15,000 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Зуны уралдаанд орон даяар 5,600-7,000 хүүхэд уралдаанд оролцдог бол өвлийн уралдаанд 300 орчим хүүхэд оролцдог байна.


Сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унаж хүнд, хөнгөн гэмтэж, 10 гаруй хүүхэд амь насаа алдсан тоо хүртэл бий. 2013 онд л гэхэд уралдааны улмаас зургаан хүүхэд нас барж, 950 орчим хүүхэд гэмтэж бэртжээ. Дахин хэдэн хүүхдийн амиар зугаацахыг Морин спорт уяачдын холбоо мэдэх бололтой. 



 

Хэдий хурдан морины уралдаан нь Монгол түмний уламжлал мөн хэдий ч ингэхдээ бидний өвөг дээдэс өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулж хүүхдийн амиар цэнгэл хийдэггүй байсныг түүх гэрчилнэ. Тухайлбал, Үндэсний төв архивын сан хөмрөг дэх 1803-1920 оны Улсын баяр наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд зөвхөн 8-11 дүгээр сард даншиг наадам хийдэг байсан байна. 


"Хүйтний улиралд  хурдан морь унах нь унаач хүүхдийн нүд гэмтэх, унаж бэртэхээс гадна осгох магадал өндөр. Гадаа хасах 5 хэмийн хүйтэн байсан ч хурдан морь унаач хүүхдийн хувьд хасах 20 хэмийн хүйтнийг мэдэрдэг. Ийм нөхцөлд хүүхэд 30 минут давхихад л осгодог. Мөн хавар цас бүрэн арилаагүй үед үлийний нүх, чулуу зэрэг саадыг харалгүй унаж бэртэх явдал цөөнгүй гарсаар байна" гэж Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан хэлсэн байдаг.


Түүнчлэн морины уралдаан нь  хүүхдийн сурч боловсрох эрхэнд сөргөөр нөлөөлдөг.  Тухайлбал хүүхэд уралдаанд оролцохын тулд 30 орчим хоног сургуулиасаа чөлөө авч, хичээлээс хоцордог аж.

Хууль зөрчин зохион байгуулагдсан Дүнжингарав-2017 тухайд мөн л дээрх эрсдэлүүдийг дагуулав. Соёолон дээр л гэхэд   эхний 30 дотор зургаан  хүүхэдгүй морь иржээ. Цагдаа нар станцаараа 24-25 орчим хүүхэд унасан гэдгийг хэлж байв. Зөвхөн нэг насны уралдаанд  гэхэд л дээрх тооны хүүхэд унаж бэртсэн гэхээр нийт хэчнээн хүүхэд унаж бэртсэн бол... Шүүхийн шийдвэрийг сөрөн зохион байгуулагдсан хойно Дүнжингаравын уралдаантай холбоотой сөрөг мэдээллүүдийг олон нийтээс  тас нуух нь лавтай. 

Түүнчлэн уралдааны үеэр унаач хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлж улмаар ташуураараа  зодох, чавхаддаг болох нь өчигдрийн дүр зураглалаас харж болно. 



 

Төр нь  эрдэнэт хүүхдийн амийг золигт гарган баячууд нь зугаа цэнгэл хийх зуур хүүхдүүд хүртэл нь өөр хоорондоо хүний ёсноос дорд авир гаргаж буй нь хүчирхийлсэн уралдаан хүчирхийлэл дагуулдагийг  батлан харуулав. 

 

Эх сурвалж: Zindaa.MN