“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

Moderator
1 цаг 32 минутын өмнө

Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орчин үеийн аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, иргэдийн өдөр тутмын зорчилт хөдөлгөөний хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бөгөөд нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.

Тус төслийн хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлөөр 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирүүлсэн хугацааг хойшлуулах саналыг үндэслэн Тендерийн үнэлгээний хороо хуралдаж тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгалаа.

Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ. Мөн зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурах тооцоо гарсан. Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжинэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна