Монголчууд бидний хамгийн их дээдлэн хүндэлдэг баяр болох цагаан сарын баяр хаяанд ирээд байна. Энэ өдрүүдэд бид эрт дээр үеэс уламжлан, ёсчлон биелүүлж ирсэн олон маш олон зүйлийг хийдэг. Тэдгээр зүйлүүдээс одоо та бүхэндээ хуваалцах гэж байна.
Ууц буюу мах тавих
Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц тавих, хөндөх ёс нь хүртэл өөр өөр байдаг. Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо тавьдаг.
Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина. Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон зооглох ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь зооглоно.
Битүүлэх ёсон
Монгол түмний уламжлалт их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу Битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.
Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.
Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Нутаг нутгийн заншил өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст өгнө. 50-аас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна