Дэлхийн улс орнуудын жишгийн дагуу манай улс ч өөрийн газар нутаг дээр үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гүйлгээ хийж, тооцоо явуулах хуультай. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хүлээнэ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визний хураамжаа Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох тухай хуулийн төсөл боловсруулах, холбогдох байгууллагуудтай зөвшилцөхийг Сангийн сайдад үүрэг болгосон.
Энэ нь тухайн үед ам.долларын ханшийг 2710 төгрөгт хүргэсэн шинэ Засгийн газрын тухай хэл амыг дарах Ерөнхий сайдын гал унтраах арга байв уу гэлтэй. Удалгүй долларын ханш ч суларч, бусад асуудлууд босч ирэхэд олонд ихэд таалагдсан “ЭСЯ-дыг визний хураамжаа үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болгох” ажил тэгсхийгээд мартагдаж, ажил хэрэг болсонгүй, болоход ч хэцүү гэдгийг ойлгов бололтой.
Учир нь 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг ойлгоно” хэмээн заасан байдаг.
Санхүүгийн зохицуулах хороо ч энэ хуулийн дагуу Элчин сайдын яамдад шаардлага хүргүүлэх, хянаж цагдах боломжгүй. ГХЯ-ны Консулын газар энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллан, ЭСЯ-д руу нот бичиг илгээн, эрх зүйн орчны судалгаа хийж байгаа гэсэн ч хоёр сар гаруйн хугацаа нам жим өнгөрчээ.
Одоогоор Франц, Япон, Австрали, Канад зэрэг улсын ЭСЯ-д монгол төгрөгөөр визний хураамжаа авч байна. Харин АНУ визний хураамжаа америк доллараар заасан боловч төлбөрийг тухайн улсын мөнгөн тэмдэгтээр хийж байна. Тодруулбал, Консулаас тогтоосон ханшаар ам.доллар 2490 төгрөгтэй тэнцэж байгаа тул иргэд 160 долларын хураамжаа монгол мөнгө рүү хөрвүүлэн тушаана. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй шиг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж буй мэт харагдах ч ам.долларын ханш хэлбэлзэхэд визний хураамжийн төгрөг ч мөн хэлбэлзэнэ. Үүнээс харахад үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхээр ЭСЯ-дтай тохиролцож чадлаа нэмэгдэхүүний байрыг солиод орхих вий гэсэн айдас бий.
Түүнчлэн БНСУ-д оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз 60 ам.доллар, ХБНГУ-ын ЭСЯ-аар дамжуулан аялал жуулчлалын Шенгений виз авахад үйл ажиллагааны хураамжид 60 еврог монгол төгрөгөөр төлнө. Эдгээр хураамжийг виз татгалзсан, мэдүүлгээ буцаан авсан аль ч тохиолдолд эргүүлэн олгохгүй гэдэг.
Төгрөгийн ханш, үндэсний мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөх, тусгаар улс гэдгээ илэрхийлэх агуулга бүхий Ерөнхий сайдын энэ үүрэг, чиг цаашид хэрэгжих эсэх нь тодорхойгүй ч “ам алдаж”, мэдээлэл хийснээс хойш виз мэдүүлэх иргэдэд нэг өдөр нэгдэхгүй тул хүлээлт өндөр байна. Иймд судлахын өмнө нийтэд зарлаж, зарласны дараа судлахаар үүрэг өгсөн энэ асуудлыг нааштай шийдэх ажлыг түргэвчлэх байх хэмээн харж сууна.
Medee.MN
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
Oюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа
Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна
“Амар байна уу-2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
“Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна