Онцлох ишлэл: Тавантолгойн хэлэлцээрийн талаар хэн юу хэлэв...


Тавантолгойн ордыг эргэлтэд хэрхэн оруулах асуудал олны анхаарлыг татаад буй. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хө­рөн­гө оруулагч эзэм­ших, Тавантолгой-Гашуун­су­хайт чиг­лэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа” 49 хувь эзэмших саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулаад буй. Тэгвэл дээр асуудлаарх байр суурийг хүргэж байна.


 

 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Өөлж, гоочлоод байвал Тавантолгой шиг томоохон төслүүд урагшлахгүй


 

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын явуулж буй төслийн хүрээнд ойлгож байгаа. Тодруулбал, 49 хувьд нь Хятадын Шиньхуа, үлдсэн 51 хувьд нь Монголын компани оролцоно гэсэн ойлголттой байгаа. Тавантолгойтой холбоотой улс төржсөн нилээдгүй зүйлүүд явагдаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд ингэж ярьж байгаад л томоохон төслүүдээ хөдөлгөж чадаагүй. Одоо бид яг энэ маягаар явж байна. 49 хувийг нь хэдхэн төгрөгөөр Хятадуудад зарах юм байна. Монголчууд оролцохгүй юм байна гэх мэтээр өөлж, гоочлоод байвал томоохон төслүүд урагшлахгүй. Засгийн газраас оруулсан санал нь холбогдох бүх газруудтайгаа хэлцэлээ хийгээд үр ашигтай гэж үзээд УИХ-д оруулж ирвэл батлаад цааш нь явуулах ёстой.


 

 Х.Болорчулуун: Ийм муу хувилбараар явуулж хэрхэвч болохгүй




 

Тавантолгойн ордоос хөрс хуулалт хийгээд аман дээрээсээ нүүрсээ өгдөг байдал нь авдарнаас мөнгөө авч байгаатай адил. Үүнд хөрөнгө оруулалт татна гэж Монголд ашиггүй гэрээ байгуулж, хэрхэвч болохгүй. Засгийн газрын гэрээний төсөл хараахан бэлээгүй байгаа гэсэн. Гэхдээ танилцуулсан гэрээ нь маш муу байсан. Тавантолгойг Монгол улс өөрсдөө эрэл хайгуул хийж олсон орд. Ашигт малтмалын хууоиар өөрсдөө эрэл хайгуул хйиж илрүүлсэн ордны 51 хувь нь төрд байх заалттай. Гэтэл оператор компани нэрээр 51 хувьдаа гадаадын хөрөнгө оруулалттай комданийг оруулчихвал төрийн эзэмших хувь багасна. Өөрөөр хэлбэл 49 хувийг нь БНХАУ-ын “Шинхуа”-д 51 хувь нь Монголын төр, аж ахуйн нэгжид гэж байгаа. Үүнийхээ 34 хувьд нь хувийн аж ахуйн нэгжийг оруулна. Монголын аж ахуйн нэгж гэдэг гадаадын хөрөнгө оруулттай компани хүртэл бий. Тэгэхээр Засгийн газар ердөө 17-хон хувь эзэмших болно гэсэн үг. Ийм муу хувилбараар хэрхэвч явуулж болохгүй. Тавантолгойн ордны 49 хувийг гадныханд өгөх нь тал үнээр нь худалдаж байгаагаас өөрцгүй явдал юм. Монголын төрд 51 хувь үлдэх ёстой. Ингэж байж Монголд ашигтай болно. Хөрс хуулах ажлыг Монголын компаниуд ч хийж чадна. Үүнийг яахаараа “Шинхуа” хийх ёстой юм. Төмөр зам барина гэж байгаа. Тэгвэл заавал “Шинхуа” 49 хувь биш 25-30 хувь байж болно шүү дээ.


 

Ж.Энхбаяр:  51 хувьдаа ямар аж ахуйн нэгжийг оролцуулах эсэх нь шийдээгүй




 

Засгийн газрын байр суурь бол Тавантолгойн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийн 51 хувийг нь Монголын тал эзэмших, ордны лиценз гь Монгол Улсад 100 хувь байх ёстой болзолтойгоор хэлэлцээр хийж байгаа гэсэн. Энэ хэлэлцээрээр зөвхөн уурхайд үйл ажиллагаа явуулах эрхийг шийднэ. Хамтын ажиллагааныхаа 22 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс олборлох, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцээ барьж байгуулах тухай гэрээ хэлэлцээ хийж гэрээ хийнэ гэсэн үг. Дэд бүтэц гэдэг нь төмөр зам, авто зам, уурхайн бүтээн байгуулалт, угаах үйлдвэрийг хэлж байгаа юм. БНХАУ-ын талыг төлөөлж “Шинхуа” 49 хувьд нь оролцоно. Монголын тал 51 хувьдаа төрийн болон хувийн өмчийн ямар аж ахуйн нэгжийг оролцуулах нь вэ гэдгийг эцэслэн шийдээгүй.


 

АН-ын дарга З.Энхболд:  Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна




 

Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрь тавьдаг. Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойн гэрээг хуучин явж байсан хамгийн муу хвилбараар шийдэх гэж байна. "Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Энэ бол MCS-ийн бүтээсэн баялаг биш, ард түмний мэдэлд байх ёстой баялаг. Тиймээс учраас Засгийн газар Тавантолгой дээр ХК байгуулаад 80 хувийг нь Засгийн газрын мэдэлдээ 20 хувийг нь ард түмэндээ өгөхөөр шийдсэн. Гэтэл МАН-ынхан ард түмний өмчийг эздээс нь асуухгүйгээр шийдэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа юм. Өнөөдөр Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам. Монголын тал ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр төмөр зам барих боломжгүй. Тиймээс хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтаа авдаг болохоос байгаа баялагаа хэн дуртайд нь өгчихдөг зүйл байж болохгүй. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн гэрээ шиг зүйлийг одоо хийх гээд байгаа учраас энэ бүхнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр ард түмэнд Тавантолгойн хувьцаа байгаа. Тиймээс Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух ёстой. Үүнийг ч хуульчлаад өгсөн. Хэрэв надаас асуухгүйгээр зарвал би шүүхдэнэ. Үүнийгээ ч би албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хувьцаатай олон хүн шүүхдэх байх гэж бодож байна. MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулсан. Энэ бол цаас бус үнэ цэнэтэй баялаг. 100 жил Монголыг тэжээх баялаг. Тавантолгойн орлогоор дөрөвхөн жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж болох тийм их хөрөнгө юм.


 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Тавантолгойгоор тоглох юм бол бид жагсаал, цуглаан хийж тэмцнэ




Тавантолгойг хятадуудад тийм хямдхан өгч болохгүй шүү дээ. Өөр нөхцөлтэй байх ёстой. Галзуурсан солиотой юмнуудыг гараа угааг гэж ард түмэн гаргаагүй шүү. Тавантолгойгоор тоглох юм бол бид жагсаал, цуглаан хийж тэмцэх болно. Би Тавантолгой дээр хатуу байр суурьтай байгаа.