ИЗНН-ын мөрийн хөтөлбөрөөс


Бизнесийн салбарт явуулах бодлого

Oролцоотой ба тэнцвэртэй өсөлт

Юу?

              Яагаад иргэд маань ДНБ 15%, 17 % гэх мэт өслөө, одоо цаашид ч өсөх нь, Монгол хүнд ноогдох хэмжээ нь одоо төд боллоо, болно гэх мэт мэдээ, мэдэгдэлд ихэнх нь үнэмшдэггүй эсвэл бухимдангуй хүлээн авдаг вэ? Яагаад иргэдийн маань ихэнх нь “тэгвэл яагаад миний амьдралд, манай гэр бүлийн амьдралд тэр чинь наалдахгүй байгаа юм?! “ гэсэн жирийн амьдралын гаргалгаатай, зүй ёсны асуултыг төрд тавьдаг вэ?

Өнөө хүртэл аль ч улс төрийн нам, Засгийн газар хариултыг нь өгч чадаагүй, гаргалгааг нь хийгээгүй энэ 2 энгийн мөртлөө хэцүү асуултанд ИЗННам иргэн танд дараах байдлаар хариултыг өгч байна.

             Яагаад гэвэл иргэн таны итгэл үнэмшлийг төрүүлэхгүй, уур уцаар, бухимдлыг чинь төрүүлээд байна гэдэг чинь тэр ДНБ гэж үзүүлэлт таны амьдралыг бодитойгоор хэмжин илэрхийлэхгүй байгаа л гэсэн үг. Тэгвэл таны, бидний амьдралыг бодитой хэмжиж чадахгүй байгаа тэр үзүүлэлтүүдээ өөрчилж, оронд нь та бидний амьдралын бодит байдал, чанарыг илэрхийлж чадах өөр үзүүлэлтүүдийг гаргаж хэрэглэ гэсэн үг юм. Дэлхийд өнөөдөр ДНБ, түүний нэг хүнд оногдох хэмжээ гэсэн үзүүлэлтийг хүний амьдралын хэмжүүр, тэр тусмаа амьдралын чанарыг хэмжих үзүүлэлт огт биш гэдгийг хүлээн зөвшөөрч хүний хөгжлийг тал бүрээс нь бодитой хэмжсэн үзүүлэлтүүдээр хэмждэг болж байна.

Хүмүүс эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг мэдэрч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход тэдний оролцоо хангалтгүй байгаа буюу эдийн засгийн оролцоотой өсөлтийн бодлого хэрэгжихгүй байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, бидэнд 21 мянган төгрөг, иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг тэгш хуваарилж түүнийг шударга ёсны шалгуурт таарч тохирч байна гэсэн агуулгатай бодлого сүүлийн жилүүдэд хэрэгжиж түүнийг цаашдаа хэрэгжүүлэхийг зорих нь эдийн засгийн оролцоотой өсөлт биш бөгөөд эдийн засгийн оролцоотой өсөлтийн бүрэлдэхүүн хэсэг болох өсөлтийн хурдац /15 %, 20% гэх мэт/, өсөлтийн арга зам /яаж ямар аргаар энэ өсөлтийг хангав гэх мэт/ гэсэн 2 гол зүйлийг хооронд нь зохистой уялдуулсан нөхцөлд л оролцоотой өсөлт гарч ирнэ. Манай улсад уул уурхайн өсөлтөөр нөхцөлдсөн өсөлтийн өндөр хурдац нь бол байна харин өсөлтийн гол чанарын үзүүлэлт болох өсөлтийн арга зам нь ихэнх иргэдийн оролцоог хангаж чадахгүй байгаад л асуудлын гол нь оршиж байна.

Монголын нийгэмд орлогын тэгш бус хувиарлалт гэж нэрлэгддэг үйл явц сүүлийн жилүүдэд бодитойгоор явагдаж энэ нь өнөөдөр баян цөөнх, ядуу олонхи гэсэн эдийн засаг-нийгмийн, улс төрийн томоохон асуудлыг үүсгэж зөв бодлогоор энэ асуудлыг нухацтай шийдэхгүй бол цаашид нийгмийн хямралд ч хүргэж мэдэх аюултай түвшинд очихоор байна.

     Тиймээс ИЗННамаас оролцоотой, тэнцвэртэй өсөлтийн бодлогыг энэхүү асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж үзэж байна. Энгийн үгээр хэлбэл энэ нь дунд ангийг, нийгэмд баялаг бүтээгч, ажлын байр бий болгогч, нийгмийн үйлчилгээ үзүүлэгч дундаж амьжиргаатай хэсгийг баян, ядуугийн улам бүр өсөж буй зааг, ангиллыг багасгах, нийгмийн тогтвортой байдлын “зөөлөвч” болгоно гэсэн хэрэг юм.

        Яаж? Хэзээ? Хэн?

- Дунд ангийг бүрэлдүүлэгч гол цөм болох бичил, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг татварын хууль эрх зүйн бодлогоор дэмжиж тэдний санхүүгийн болон бизнес эрхлэх орчинг тааламжтай болгох, Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, эдийн засгийн эрх чөлөө, өрсөлдөх чадвар гэх мэт олон улсын бүх индексүүд дээр тулгуурласан зорилтот хөтөлбөрийг боловсруулж 2013-2016 онд хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх.

- Бичил болон өрхийн бизнесийг зохицуулж буй өнөөгийн санхүүгийн механизм болон хууль эрх зүйн орчинг өөрчлөх - Хот, аймаг, дүүрэг, сум, баг, хороо бүрт төрийн, иргэний болон хувийн хэвшлийн тэнцүү тооны төлөөлөл бүхий бичил болон өрхийн бизнесийн хөгжлийг дэмжих хороодыг байгуулж зөвхөн энэ бүтцээр дамжуулан санхүүжилтийн шийдвэр гаргаж байх тогтолцоог нэн түрүүнд бүрдүүлэх.

- Энэхүү бүтцээр дамжуулан банкны салбарууд, банк бус байгууллагууд болон иргэд болон өрхийн бизнесийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан зээлийн хоршоод, буухиа зээлийн сан гэх мэт үүсгэл санаачлагын байгууллагуудыг тэнцүү эрхтэйгээр шударгаар өрсөлдүүлсний үндсэн дээр зээлийг хувиарлаж хэрэгжүүлэх.

- Үндэсний хэмжээнд бичил болон өрхийн бизнесийг дэмжих “Иргэний хөгжлийн зээлийн сан” нь хүний хөгжлийн сангийн бүрэлдэхүүн хэсэг, гэхдээ өөрөө бие даан эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой байх ёстой бөгөөд энэ зориулалтаар Төрөөс эхлээд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт, энэ сантай шууд холбоотой “Иргэдийн зээлийн баталгааны сан”-нд 30 тэрбум төгрөг тус тус шаардлагатай.

- төрөөс, өрхүүд сайн дураараа нэгдэн “хуримтлалын бүлэг” байгуулах, дундын буухиа зээлийн сан, бичил болон өрхийн бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийн бусад бүтцүүд байгуулахыг бүх талаар дэмжиж “Иргэний хөгжлийн зээлийн сан”-тай холбож иргэдийн оролцоог зээл сонгон шалгаруулах, хэрэгжилт, хяналт-мониторинг хийх зэрэг бүх шатанд бүрэн хангах

- бичил, өрхийн болон жижиг бизнест шаардлагаай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, авсаархан технологи гэх мэтийг иргэдэд санхүүгийн лизингээр олгох замаар өөртөө болон өрөөл бусдад ажлын байр бий болгон амьжиргаагаа дээшлүүлэх санхүүгийн орчинг 2013-2016 нд бий болгох, энэ чиглэлээр ажиллаж буй санхүүгийн лизингийн компаниудыг татвараас чөлөөлөх зэргээр эдийн засгийн сэжим түлхэцийн тогтолцоо бий болгох

- бичил болон өрхийн жижиг бизнес эрхэлж буй иргэдэд үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалтаар, төрөөс тогтоосон инкубаторын нөхцөлөөр ажлын байр, объектыг түрээсэлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжин үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх - 2012-2016 онд аймаг, дүүрэг бүрд дор хаяж 1 инкубaторын төвийн барилга барих санхүүжилтийг төрөөс гаргаж инкубаторын төвүүдийн менежментийг иргэдийн мэдэлд өгөх

Бичил болон өрхийн бизнесийг дээрх байдлаар дэмжихийн сацуу жижиг, дунд бизнесийг дэмжиж буй өнөөгийн бодлого хэрэгжиж байгаа механизмыг өөрчлөнө. Үүнд:

- ЖДҮйлдвэрлэгч ба ЖДБизнес гэж 2 ялгааг тогтоож санхүүжилтийн механизмыг өөрчлөнө. Учир нь хэдийгээр үйлдвэрлэлийг дэмжих нь нэн тэргүүний ач холбогдолтой, үйлдвэржилтийн бодлогын гол чиглэл мөн хэдий ч үйлчилгээ, худалдаа гэх мэт салбарууд энэ бодлогын гадаа орхигдож байна. Гэтэл энэ салбаруудад мөн л адилхан ажлын байрууд бий болж мөн л адилхан өртөг, нэмэгдсэн өртөг бүтээгдэж байдаг.

- ЖДҮ-д олгож буй өнөөгийн санхүүжилтийн хувь хэмжээг нэмж жил бүр улсын төсөвт ЖДБизнесийг дэмжих зориулалтаар хамгийн багадаа 200 тэрбум төгрөг болгоно.

- Зээлийг олгож буй өнөөгийн механизмийг танил тал, нам, хамаатан садны сүлжээнээс ангижруулж, ЖДБизнесийнхэнд бодитой нэмэр болохуйц болгон шинэчлэнэ . Үндэсний том компаниудад хандсан төрийн бодлого, ялангуяа уул уурхайн бус үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний томоохон компаниудыг олон улсын хэмжээнд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж “Үндэсний манлай компаниудыг” төрүүлэх хөшүүргийг бий болгоно . Төр ба зах зээлийн хоорондын зохистой харилцааг тогтоож чадаагүйн улмаас төрийн зүгээс зах зээлд хэт хутгалдан орох, төр өөрөө бизнесийн үүрэг гүйцэтгэж бизнест “өрсөлдөх”, төрийн өмчийн компани байгуулах дуршил нэмэгдэх, улсын төсөвт төрийн үрэлгэн зардал нэмэгдэх, төрөөс хэт олон зохицуулалт, дүрэм журам гаргаснаас хүнд суртал, авилгал, хээл хахууль нэмэгдэх, ОУБ-даас гаргадаг бүх төрлийн индексүүдээр Монгол улсын үнэлгээ тогтмол буурах ингэснээр Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар буурах, хөгжлийн буруу сонголт хийхэд хүргэж байна. Иймээс төрийн зохицуулалтын тухай хууль санаачлан энэ хуулинд доорхи зарчмын заалтуудыг тусгах: o Зах зээлийн зохицуулалт + бараг /квази/ зохицуулалт+төрийн /Засгийн газрын/ зохицуулалт гэсэн үндсэн 3 зохицуулалтыг тэргүүлэх ач холбогдол буюу тэргүүчлэлээр нь эрэмбэлж хуульчилж өгөх. Тэгэхгүй бол тэргүүчлэлээрээ хамгийн сүүлд байр учиртай төрийн зохицуулалтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын буруу практик сүүлийн жилүүдэд газар авлаа. o Квази буюу бараг зохицуулалтыг өргөнөөр хэрэглэх нь эдийн засгийн төдийгүй нийгэм улс төрийн ач холбогдолтой болж байна. Гэтэл Монгол улсад энэ талаар ойлголт ч алга байна гэхэд хилсдэхгүй. Тийм учраас нэн тэргүүнд төрийн зарим чиг үүргийг /үнэн хэрэгтээ төр өөртөө сайн дураар наасан/ төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодод яаралтай шилжүүлэх ажлыг 2013 оноос хэрэгжүүлэх. Үүний үр дүнд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод өөрсдийн зохицуулалтыг гаргаж тодорхой сектор, зах зээлийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой болно. Энэ нь “бараг” зохицуулалтын тодорхой жишээ болно. o Төрийн зохицуулалт. Төр аливаа зах зээл, эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааг зохицуулахдаа хамгийн түрүүнд зах зээлийн зохицуулалтанд садаа болохгүй байх, “зах зээлийн бүтэлгүйдэл” /market failure/ гэж нэрлэдэг зүйл бодитойгоор болоод байгаа эсэхийг нягтлах, түүний дараа тухайн зах зээл, секторт бараг /квази/ зохицуулалт хэрэгжих боломжтой эсэхийг сайтар нягталан төрийн зохицуулалт хийх эсэх шийдвэр гаргах ба энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжих гэдгийг хатуу мөрдлөг болгох ёстой.

ИЗННамаас дэвшүүлж буй төр ба зах зээлийн хоорондын зохистой харилцаа тогтоох тухай дээрх хандлага, бодлогыг хэрэгжүүлснээр Монгол улсад зах зээл чөлөөтэй хөгжих, эдийн засгийн хумигдсан эрх чөлөө тавигдах, төрийн зүгээс зах зээлд оролцох, зохицуулах үйл ажиллагаа оновчтой болох эхлэл тавигдах болно.

 

“Голланд өвчин”,”баялгийн хараал” гэж нэршсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн буруу бодлогын шинж тэмдгүүд Монголын эдийн засагт сүүлийн 4 жилд хүчтэй мэдрэгдэх болсон үед нэн түрүүнд яаралтай өөрчлөх бодлогын дээрх алхмуудаас гадна дараахь бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

- уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогын тэргүүн ээлжинд тавих, үүний тулд тусдаа хөтөлбөрийг хувийн хэвшлийн манлайлалтайгаар хэрэгжүүлэх, төрийн зүгээс уул уурхайн экспортын орлогын тодорхой хэсгээс бүрэлдсэн “уул уурхайн бус экспортын хөгжлийн сан” байгуулах

- дээрх сан байгуулагдсан нөхцөлд ноос, ноолуур, мах, аялал жуулчлал гэх мэт уламжлалт экспортыг дэмжих нэгдсэн эх үүсвэртэй болохоос гадна уламжлалт бус, шинэ экспортын бүтээгдэхүүн төрөх боломж, сэжим түлхэцийг бий болгох юм.

- уул уурхайн бус эдийн засгийн салбаруудын хүний нөөцийн хөгжилд онцгой анхаарахгүй бол ажиллах хүчний урсгал эдгээр салбараас уул уурхайн салбар илүү шилжих үйл явц хүчтэй болж уул уурхайн бус эдийн засгийн салбруудад ихээхэн хүндрэл учруулж эхэллээ. Иймээс уул уурхайн бус эдийн засгийн салбруудад шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, тогтвор сууршилтай ажиллах эдийн засгийн хөшүүрэг бүхий тусдаа хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Тухайлбал, уул уурхайн бус эдийн засгийн салбаруудад хүн амын орлогын албан татваргүй болгох, нийгмийн даатгалын сан, түүний шимтгэл зэрэгт ажил олгогчдын тэгш оролцоо бүхий бүтцийг бий болгох

- инновац, нано болон биетехнологийн салбарыг хөгжүүлэхэд уул уурхайн том компаниудын санхүүгийн болон бусад дэмжлэгийг хөхүүлэн дэмжсэн хууль эрх зүйн болон менежментийн орчинг бий болгох, судалгаа ба хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг татвар ноогдох орлогоос чөлөөлөх

- гадаад худалдаа, түүний дотор хил худалдааг аймаг, бүс нутгийн хөгжлийн нэг гол хөшүүрэг гэж үзэн худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хилийн боомтуудыг хөгжүүлэх төрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх нь ажлын байр, уул уурхайн бус эдийн засаг, худалдааг дэмжих чухал алхам болно.