УИХ-ын ээлжит сонгуулиар Увс аймгаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тарааж, мөн иргэдийг олноор тээвэрлэн санал өгүүлэх гэж явахад 26 хоногтой нярай эндсэн хэрэг гарсан. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа түүний нөхөр н.Чулуунбаатар нарт тус тусад нь 50,000 төгрөг өгч“Заавал явж Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас “ЖИЙП” машинаар авч явна”хэлсэн ч бүсгүйг машинд суулгалгүй микро автобусанд суулган авч явсан. Тус микрод олон хүн чихэлдэж явсан тул 26 хоногтой хүү амьсгалын дутагдалд орж амьсгал хураасан талаар мэдээллэж байв.
Энэхүү хэргийн дараа нас барсан хүүгийн ар гэрийнхэн Увс аймгийн Анхан шатны шүүхэд гомдол гаргаж шүүх хурал явагджээ. Гэтэл шүүхээс “Нас барсан хүүгийн ар гэрийнхэн мөнгө авсан. Гэвч Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг гэж Б.Бат-Эрдэнэ хэлээгүй” гэсэн шалтгаанаар Ч.Хүрэлбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд өмгөөлөгч Г.Батбаяр эдгээр хүмүүсийг “Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд заасан бусдыг болгоомжгүй алах” гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Мөн Монгол улсын шүүхийн байгууллагыг аливаа хэргийг үнэлж дүгнэх чадваргүй болсон байна хэмээсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тараасан нь баримтаар нотлогдож, хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан байхад Увс аймгийн Цагдаа, Прокурор, хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16. 1-д заасан Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг нягтлан шалгаж цуглуулах үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж байгаагаа өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдлээ.
-Ч.ХҮРЭЛБААТАРЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ-
Мөн Ч.Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний туслах ухуулагч нар нь ял сонсож байсан. Увс аймгийн АН-ынхан Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн 51 уурхайг Солонгосын “Korea-Mongolia energy development” компанид 10 сая ам.доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Ч.Гансүх, Ч.Гантулга, найз Х.Дэмбэрэл нарт зарж мөнгийг нь өөрсдийн хувийн дансаараа шилжүүлэн авсан баримт олдсон байна. Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоосон байна.
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л аргыг хайж, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарж, 68 сая тонн болгон хуурамч дүгнэлт гаргуулсан гэж Увс аймгийн иргэд үзэж буй юм байна. Иймд Увс аймгийн АН-ын хороо өмгөөлөгч Г.Батбаяраас хууль зүйн зөвлөгөө авч эхэлжээ. Өмгөөлөгч Г.Батбаяр дараах үндэслэлээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг буруутгаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.
Үүнд:
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-д нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасан сонгогчийн саналыг татах зорилгоор бусдаар дамжуулан сонгогчдод ... мөнгө, ... эд зүйл, .. урамшуулал ... олгох, 70.5.16-д заасан сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт болон бусад дагалдах хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн.
-Мөн Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулж болзошгүй гэх, Эрүүгийн хуулийн 130.1-р зүйлд заасан Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах гэмт хэргийн хэв шинжийг агуулсан байж болзошгүй.
-Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймгийн Бөхмөрөн суман дахь “Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea-Mongolia energy development” компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаад байна. Ч.Хүрэлбаатарыг Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг өндөр алба хашиж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хуулийн 270-р зүйлд зааснаар Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж, АТГ болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна.
Эх сурвалж: Medee.mn
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ