МАН-д хурд, Ерөнхий сайдад эрх мэдэл дутаж байна уу?


Шинэ долоо хоногийн эхний өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шинээр бүрдүүлэх танхимын тухай бус аймгийн Засаг дарга нарын асуудлыг хэлэлцлээ. МАН-д хурд шинэ Ерөнхий сайдад нь эрх мэдэл дутсанаас үүдэлтэй гэж хардахад хүргэсэн дээрх явдал харин МАН-ын боловсон хүчний бодлогоос үүдэлтэй гэнэ. Тус нам эрх барьж байсан ч сөрөг хүчин болсон ч аймаг орон нутгийн удирдлагын томилгоо баталгааг заавал Удирдах зөвлөлөөрөө хэлэлцдэг журамтай аж. Үүний дагуу аймгийн засаг дарга нарыг батламжлах ажлаа өчигдрийн хуралдаанаараа хийжээ. Засгийн газзрын бүтэц бүрэлдэхүүнийг хийх ажилд Ерөнхий сайдын эрх мэдэл дутаж байна гэх хардлага байгааг ойрын эх сурвалжууд нь үгүйсгэж байна. УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга ерөнхийдөө шинээр томилогдсон Ерөнхий сайдад засгаа өөрөө бүрдүүлэх боломжийг олгож байгаа гэнэ. Намын даргын хувьд боловсон хүчний бодлого дээр гишүүд дундаа ойлголцолд хүргэх дээр гол анхаарлаа хандуулж байгаагаас өөрөөр Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаагүй хэмээн нам дотроо ярьж байна.

 

Шинээр бүрэлдэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд гурав голлох үүрэгтэйгээр оролцож, эцэслэсэн бөгөөд Ерөнхийлөгчөөс бүтцийн талаар зөвшилцөхөөр хариу хүлээж байгаа сурагтай.  

 

Гэхдээ л  МАН УИХ-ын сонгуульд оролцож байхдаа Засгийн эрхийг авбал шуурхай ажиллаж, хямралыг сөрөх төлөвлөгөө боловсруулан УИХ-аар батлуулахаа амлаж байсантай нь харьцуулахад хурд дутаж байна. Одоо хэр нь УИХ дахь Байнгын хороодын даргын нэр нь тодроогүй, сонгогдоогүй, УИХ-ын даргын зөвлөл нь бүрдээгүй байна.  Иймэрхүү уур амьсгал ноёлоод эхэлсэн болохоор л УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын даргын эрх мэдлээ Ерөнхий сайдад өг гэдэг шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод тавьж буй хэрэг юм болов уу.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Засгийн газрын бүтцээ зурах эрх мэдэл ч байхгүй гэж хэвлэлүүд мэдээлж байгаа нь  арай дэгсдүүлсэн хэрэг байж болох ч Аймгийн Засаг даргаа бие даагаад батламжлах эрхгүй байгаа Ерөнхий сайд гэхээр МАН-ын боловсон хүчний бодлогод шүүмжлэх зүйл нэлээд байна.

 

Үндэсний их баяр наадам болохын өмнөхөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаа гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг батламжилсан. Гэвч эл асуудлыг толгой мэдэн шийдлээ гэх шүүмж араасаа дагуулсан гэсэн. Энэ нь дараагийн Засаг дарга нарын нэрийг Удирдах зөвлөлөөр оруулдаг журмаа мөрдөхөд хүргэсэн бололтой. Энэ журам нь харин хууль давсан “төрийн дээр нам байна”  гэдэг  хуучны зарчимтай зүйл байгаа эргэж харах шаардлагатай мэт.  Холбогдох хуульд Засаг даргын нэрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас тодруулсан бол Ерөнхий сайдаар батламжлуулна гэсэн заалт бий болохоос биш МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулах ёстой гэх өгүүлбэр байхгүй. Ийм ч учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шинээр бүрдсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлж эхэлсэн гэсэн үг. Энэ цуваа тасралтгүй үргэлжилнэ.

 

Өчигдөр /2016.07.18/ Хэнтий, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралдаан болж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нараа сонголоо. Тухайлбал, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргад Д.Батлутыг, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас Н.Ганбямбыг Засаг даргад нэр дэвшүүлжээ. Өнөөдөр Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан болж, Засаг даргаа тодруулна. Энэ мэтчилэн хуульд заасан хугацаандаа багтаан шинээр бүрдсэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанууд зарлагдаж, Засаг даргаа тодруулна.

 

Тэр бүх шийдвэрийг нь МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх хэрэг үү. Хэрвээ иймдээ тулбал УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэнчлэн төрийн дээр бүлэг, фракцууд л сандайлж, бодлого тодорхойлж эхэлнэ гэсэн үг. Ийм л юмнаас болж, төрийн ажил бүх шатанд явахгүй болдог.

 

Нөгөөтэйгүүр, МАН Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг техникумын боловсролтой гэж гололгүйгээр Засгийн газрыг удирдах даалгаврыг оноосон юм бол эрх мэдлийг нь өгсөн шиг өгч, ажиллуулах хэрэгтэй байх. Юм болгоноо намын даргаасаа, Удирдах зөвлөлөөс асууж шийднэ гэвэл Засгийн газрын ажил урагшлахгүй л болов уу

 

 УИХ ажилдаа хурдтай орж, Засгийн газрыг байгуулахад анхаарахгүй бол цаг явж эхэллээ. Ялсан намынхан хэзээ ч Засгийн газраа байгуулж болно, аймаг, бүсийн наадмуудыг нэг тойрчихъё гээд үндсэн ажлаа цалгардуулсаар байвал төсвийн алдагдал зузаарч, түмний амьдрал хэцүүдэн өвлийн бэлтгэлийг зуун задгай жаран хагархай сууж, угтах байх шүү.

 

Эх сурвалж: News.mn