МАН-ын хамгийн шоучин “Чоно”


Ж.Энхбаяр парламентад хоёр удаа сонгогдсон нэгэн. Үүнд 2008-2012 онд Говь-Алтай аймгаас сонгогдож Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байв. 2012 оны УИХ-ын сонгуулиар мөн л Говь-алтай аймагт ялалт байгуулж гишүүн болсон. Харин энэ удаа бууриа сэлгэж Баянзүрх дүүргээс өрсөлдөхөөр болжээ. Түүний 2008 оны сонгуулиар ямар аргаар PR хийж УИХ-ын гишүүн болж байсан нь АНУ-ын төдийгүй бусад улс орнуудын Засгийн газар болон томоохон банкуудын нууц материалуудыг олонд дэлгэдэг Wikileaks сайтад дэлгэгдэж байсныг санаж буй биз.
Сонирхуулахад тэрбээр ангийн хорхойтой. Тэрээр 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулсан нь түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн. Дээрх үй олноор нь чоно агнасан хэргээс болж тэрээр нэлээдгүй зэмлэл хүртсэн бөгөөд Байгаль орчны байнгын хорооны гишүүнээс нь түүнийг чөлөөлж байсан удаатай.
Гэвч тэрбээр хашраагүй юм. Харин ч бүр амташсан хэрээ 13 дахина гэгчээр 2012 оны аравдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайгаар ан хийж, баригдсанаар хэвлэлээр нэг шуугиан тарьж байсан эрхэм. Харин 2016 оны сонгуулиар тэрбээр УИХ-ын 50-р тойрогт АН-ын гишүүн, Сангийн сайд Б.Болортой өрсөлдөхөөр болжээ.
Э.НАШКА