УЛСЫН БААТАР БАЙТУГАЙ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР УЛААНБААТАРЫГ АМЛАХАД АМАРГҮЙ


1.

Хот гэдэг хогийн савнаас аваад жанжин Сүхийн талбайн тохижилтийг хариуцдаг, ажил нь эхлэл үгүй, бас төгсгөл үгүй газар... Толгойтод халуун усны шугам хагарч байхад Яармагт гал гарч байна. Чингэлтэйд шугам хөлдөж байхад, Баянзүрхэд уурын зуух дэлбэрч байдаг ч юм уу. Ийм л хэцүү газар. Улаанбаатарыг нэг хүн, эсвэл нэг хэсэг хүн удирддаггүй. Улаанбаатарыг ажил хийдэг, ачаа үүрдэг инженерийн баг удирддаг.

 Улаанбаатар хот бол саятан хот. Саятан хот гэдэг саяаас дээш хүн амтай хот гэсэн үг л дээ. Аливаа улсын нийслэлийг нийслэлд ажиллаж байсан хүмүүс удирддаг нийтлэг жишиг бий. Нийслэлийг нэгжээс нь ажиллаж байж ойлгоно. Нийслэлийг, нийслэл, дүүргийн захиргаанд ажиллаж байж л мэдрэнэ. Яагаад гэвэл хот бол амьд механизм. Энэ жаяг ч Монголд тогтсон. 

1990 оноос хойшхи хотын мээрүүдийг харъя л даа. Архитектор С. Мөнхжаргал гуайн дараа Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж. Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гээд цөм инженерийн байгууламж, нийтийн аж ахуй, газар зохион байгуулалт, барилга, сантехниктэй холбогдсон улсууд. Дүүрэгт ажиллаж байсан. Эсвэл хотын аль нэг салбарыг толгойлж байсан хүмүүс. Хогийн шүүр бариад зам цэвэрлэхээс бусдыг нь хийсэн нөхдүүд. Зарим нь субботник элдэв юмаар хогийн шүүр бариад ч манаргаж явсан л байж таараа. Яагаад хотын мээрүүд хотоос төрдөг вэ гэвэл хот гэдэг өөрөө амьд механизм учраас тэр амьд механизмын эд эс болж чадсан хүмүүс л хотыг ойлгодог, хотыг хайрладаг. Хотыг хайрлах хайр бол тусдаа хайр.

 Үүнийг бичигч би яагаад ингээд дэмийрээд байна вэ гэвэл хотын захиргаа болон түүний харъяа байгууллагуудад долоон жил ажилласан учраас ингээд байгаа юм. Уурын зуухны толгой “галч”-аас аялал жуулчлалын хэлтсийн дарга хүртэл давгүй карьер хийж  явсны хувьд шүү дээ. Хотыг бол зөвхөн хотын төвийг нь бус захын хороолол, хогийн дэнж, хотод юу л байна бүгдэд нь сэтгэл хүргэж хайрлаж амьдрах ёстой. Хайр, хал, хэрүүл, хараал, инээд бахархал, үглэл дуулалаас хотын ажил бүтдэг. Хот гэдэг downtawn гээд байгаа 40,50 мянгат биш. Тийм болохоор эсгий хорооллуудад ч хамгийн их шийдвэр, хайр энхрийлэл хэрэгтэй.

 Жишээ нь, уурын зуухаар (нам даралтын) галладаг газруудад хамгийн том асуудлууд бий. Иймдээ л тэр өөрийн гэсэн амьд механизм юм. Энэ жаран чавганцын гэмээр ажилгүйгээр хотын ажил бүтэхгүй. 70-80 хувь нь энэ ажил. Энийг эхлээд гүйцэтгэж сурах нь чухал. Дараа нь чи би, шудрага ёс, ил тод удирдлага, тунгалаг удирдлага энэ тэр гэсэн юмыг ярина шүү дээ. Цаасан дээр байдаг энэхүү мэргэн цэцэн юм нарийндаа хавсрага шинжийн л юмс. Эд бүгд байлгүй яах вэ. Үгүйсгэхгүй. Гэхдээ инженерийн байгууламжийн дараа орох асуудал л даа. 

Хот гэдэг дотроо хоёр хуваагддаг. Нэг нь газар дээрх хот, нөгөө нь газар доорх хот. Газар дээрх хот гэдэг нь ил байгаа байшин барилга, зам талбай, шил толь шиг  үйлдвэр үйлчилгээний газрууд, орон сууцууд гэх мэт. Газар доорх хот гэдэг нь тэнд байгаа инженерийн байгууламжууд. Хүмүүс голдуу ил байгааг нь харж шүүмжилдэг, эсвэл бахаддаг. Гэтэл хотын маань амин сүнс нь газар доорх хотдоо байдаг билээ. Модоор бол үндэс нь тэр газар доорх хот маань юм шүү дээ. 

Г. Мөнхбаяр бол тэр газар доорх хотын “ хаан” байсан хүн. 1990-2000 он хүртэл хот илүү гарах мөнгөгүй, иргэд маань дулаан цахилгааныхаа төлбөрт харшиж байхад газар доорх хот хэцүү байсан. Энэ үеийг Г.Мөнхбаяр давж гарч чадсан. Улаанбаатар хотын газар доорх хотыг нуруундаа үүрээд гарсан л хүн юм. Энэ зүгээр нэг магтаал ч биш. Энэ зүгээр л нэг үнэн. Одоо хот мөнгөтэй болвол газар доорх хотоо аажим аажмаар хонгилийн системд оруулах хэрэгтэй байгаа юм. Үүнийг инженер бус хүнд ойлгуулахад хэцүү биш ч бас яггүй нарийн хэллэг, цаас цаг үрнэ. Ер нь хамгийн чухал эд. 

Хүнсний 20-р дэлгүүрийн тэнд хоёр км орчим газар тийм систем хийсэн гэж дуулдсан. Энэ бол Улаанбаатарчуудын инженерийн байгууламждаа хийх хувьсгалын эхлэл юм. Энэ хувьсгал эдийн засгийн хувьсгалаас ч чухал. Хотынхны хувьд шүү дээ.

 

2.

Улаанбаатар хот бол олон жилийн түүхэн асуудлууд нь нүүрлэчихсэн хот. Өнөөдөр хотын утаа гээд нэг том проблем байна. Үүнийг Ж.Наранцацралт, М. Энхболд, Ц. Батбаяр, Г. Мөнхбаяр авчирчихсан юм шиг хүмүүс уурлаж дэвхцдэг.

Яг эзэн холбогдогч хайя гэвэл 1992 онд батлагдсан Үндсэн хууль маань буруутай юм. Хуучин цагийнх шиг шилжилт хөдөлгөөнийг орон нутгийн засаг захиргаа хатуу хяналтандаа авдаг байсан нь больсноос өнөөгийн утааны проблем үүссэн бөлгөө. Уг нь Улаанбаатар хот маань 300 мянган хүнд зориулагдаж анх төсөөлөгдөж байшин барилга, зам талбайгаа барьж эхэлсэн гэдэг. Өнөөдөр нэг сая гаруй хүн оршин сууж байна.  60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Хотын утааны 90 гаруй хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. 1990 оноос өмнө Улаанбаатарт гэр хороолол байсан уу? Байсан. Ю.Цэдэнбал даргын гэр хорооллын утааг багасгах албан даалгавар гарч байсан уу? Байгаагүй. Тэгэхээр тэр үед эсгий хот, барилгын хороолол хоёр зохист харицаанд байсан хэрэг.

 Орчин үеийн хүмүүс хотыг downtоwn, uptоwn гэхчилэн хувааж ярих болжээ. Одоо байгаа гэр хороолол бол Улаанбаатар хотын ирээдүйн давуу тал. Тэнд халуун хүйтэн ус хүргээд: “Та нар өөрсдөө котеж, хаусаа барь, юу дуртайгаа хий, энэ бол ардчилал шүү” гээд хаяж болохгүй. Одоогийн хотын төвд байгаа гэр хорооллууд ирээдүйн downtown гэдэг нь болох учир энэ бол нөөц газар гэдэг утгаараа маш чухал юм. Хот мөнгөжөөд ирэхээрээ энэ нөөц газраа чөлөөлж, худалдан авч шинэ төлөвлөлт, дахин төлөвлөлт хийвэл хотын маань хөгжил зөв явах юм. Түүнээс гэр хорооллын айл болгон руу дулааны шугам татна гэдэг хошин уриа инженерийн бус л ойлголт шиг санагдаж байна.  Инженерийн байгууламжаар мэдлэггүй, хоосон улс төржиж тогловол дахин засварлах аргагүй билээ. Иймд хотын төвдөө ойрхон байгаа гэр хорооллууд бол өндөр байшин сүндэрлэсэн, өргөн гудамж цэлийсэн манай ирээдүйн нөөц газар юм. Зарим сөрөг хүчний нөхөд маань эсгий хотын айл бүрт дулаан хүргээд өгчихвөл утаа арилна гэж байх юм. Ингэж болох хэдий ч хот төлөвлөлт, хотын гоо сайхан, хот гэдэг амьд механизм маань жинхэнэ утгаараа амьсгалахгүй болов уу. Аль ч хот төвдөө төвлөрсөн байдаг юм билээ. Хотын төв бол нягтаршсан байх ёстой. Хоёрдугаарт, романтик байдлаар тал тал тийшээ, айл болгоны үүд рүү дулаан татна гэвэл одоогийн хүчин чадлаар бол дийлэхгүй. Ер нь Г.Мөнхбаярын үед гэр хороолол руу цэвэр бохир усны шугам хоолой татах ажил аль эрт эхэлсэн. Эхлүүлсэн хүн нь шоудахгүй л байгаа болохоос.

 Иймээс дараагийн дөрвөн жилд цахил¬гаан дулааны ачаалал урьд байгаагүйгээр их нэмэгдэх төлөвтэй байна. Иймд ч учраас Дулааны цахилгаан станц шинээр барих тендерийг саяхан зарлалаа. Ингэж гэмээ нь хотын маань тохилог орон сууцанд амьдрах иргэдийн тоо эрс нэмэгдэх боломжтой юм. Улаанбаатар хот маань 1998 он хүртэл төсвийн дутагдалд явсан. Одоо л нэг өөрөө өндийх боломжтой болж байна. Ийм л учраас хотыг улстөрчдийн гэхээсээ инженерийн баг авч явах ёстой юм. Одоогийн Улаанбаатарыг авч явж байгаа баг бол инженерийн баг. Тэд замаа тавиад сурлаа, гүүрээ янзлаад сурлаа. Давхар зам, давхар гүүр барих гэж байна. Гэр хорооллоо суллахыг нь суллаж, uptown болгохыг нь болгох  гээд төлөвлөөд явж байна.


Зарим маань Улсын баатар Улаанбаатарын даргатай болъё л гэж байна. Э. Бат-Үүл баатрын өөдөөс хэн юу хэлэх вэ. Сайн улстөрч. Сайн тэмцэгч хүн. Гэхдээ Дандар баатар хотын дарга болъё гэж дарцаглаагүй л юм даа.