Эрдэнэт үйлдвэрт хүний амь үнэгүйдсээр байх уу


Эрдэнэт үйлдвэрийг “Монголын ганц саалийн үнээ” хэмээн өргөмжлөн тахисаар бид олон он жилүүдийг үдсэн бөгөөд энэ нь ч бас оргүй зүйл биш юм. Харин сайны хажуугаар саар гэдэгчлэн, энэ үйлдвэрт осол гарч хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл байн байн цацагдах болсоор удаж байгаа билээ. 

 

Тухайлбал, 2013 оны есдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх өндөр хүчдэлийн шугам дээр ажиллаж байсан хоёр хүн өндрөөс унаж хүнд бэртэн,  30 орчим насны залуу эмчилгээ авалгүй амиа алдаж байв. 

 

Мөн өнгөрсөн оны долдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуй болох хиймэл нууранд морьтой хүүхэд унаж осолдсон. Бас өнгөрөгч тавдугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикт дахиад  осол гарч,  иргэн Э хүнд бэртэн, Улаанбаатар хотод хүргэгдэх замдаа нас барсан аж.

Эрдэнэт үйлдвэрийн ослуудыг хараад байхад мөнгөөр далайлгасан, том дарга нар нь шүүх хуралд бараг оролцдоггүй, дандаа цехийн дарга, мастер, ээлжийн ахлагч нараа буруутгасан шийдвэр гаргадаг юм байх. 

ГОК том учраас Орхон аймгийн төр захиргаа түүний халаасанд нь байдаг гэж үзэх хүмүүс ч бишгүй байдаг бололтой. Осол гарсан тохиолдолд ХАБ руугаа түлхэх гэж хуульч, хүний нөөцийнхөн нь  баахан хуурамч материал бүрдүүлэн, үхсэн хүнийг аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан болгож цагдаа шүүхийг хуурч,  мэргэжлийн хяналтынхныг авилгаддаг гэж хардах сэрдэх хүмүүс ч олон байна. 

Тус үйлдвэрийн халуун тогоонд олон жил чанагдаж байсан зарим хүмүүсийн өгүүлснээр, уг үйлдвэрт осол их гардаг боловч ихэвчлэн, нуун дарагдуулж, мөнгөөр аргалаад өнгөрөөдөг байсан бололтой. 

“Тэгээд ч элдэв асуудал гарахад том дарга нар нь хариуцлага хүлээхгүй, санхүүгийн хариуцлагаа нягтландаа, худалдаж авсан чанар муутай ххамгаалах хэрэгслээ хангамжийн хүндээ, хүнтэй холбоотой тэнэг бүх асуудал болон хариуцлагаа хүний нөөцдөө, осол гэмтэл гарсан аюулгүй ажиллагааны хариуцлагаа ямар ч хамаагүй арав хоногийн курс төгссөн нөхөрт юм уу, нэг ХАБ нөхөрт, үйлдвэрлэлээ инженер мастерууддаа хариуцуулчихаад харин өөрсдөө бүх эрх ямбыг нь эдлээд л зугаа цэнгэл хөөж, эмс хүүхэн ээргүүлж, сархад зооглон лоббидож, авлигадаж, мөнгө идээд явах нь шударга хэрэг үү” хэмээн асуух хүмүүс ч байна.  

Энэ мэтчилэнгийн уур амьсгалаас ажиглан дүгнэлт хийхэд, Эрдэнэт үйлдвэрт ослын улмаас амь насаа алдагсдыг төдийлөн хайхардаггүй, дарга нараас нь энэ талаар тайлбар авахыг хүсэхэд эрс татгалздаг зэрэг нь тэдгээр амиа алдагсдыг бараг өөрсдийн үнэтэй нохдын аминаас дорд үзэж байгаа нь мэдрэгдэж байна гэхэд хилсдэхгүй болов уу. 

Ц.Даваацэрэн ерөнхий захирлын багийг уг үйлдвэрт морилсноос хойш жил бүр осол гарч, хүний алтан амь эрсдэж байгаа бөгөөд тэрбээр саяхан гэнэт ухаарсан мэт лус савдаг, овоогоо тахихаар болж, “Эрдэнэт мандал” овооны тахилгыг үйлдсэн билээ. 

Газрын хэвлийн баялгийг хүртэж буй хүмүүс лус савдагаа аргадаж тахих нь зүй л байлгүй. Гэхдээ ингэж лус савдагаа аргадахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтан албан хаагчид, дарга даамлуудынхаа хариуцлагыг өндөржүүлэх нь нэн түрүүнд шаардлагатай баймаар. Энэ нь тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, үйлдвэр эрхэлсэн орлогч, Онцгой байдлын комиссын дарга Д.Даваасамбуу, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдаа нарын онцгой үүрэг бус уу.