Цэцэрлэгт хүүхэд оруулж өгвөл шовгор хайрлахгүй


Өнөөдөр эцэг эхчүүдийн хувьд хамгийн хариуцлага, овсгоо самбаа, танил талын хүрээ, бэл бэнчин хэр арвинтай зэрэг олон давуу талаа гаргах өдөр. Учир нь энэ өдөр цэцэрлэгийн бүртгэл эхэлж байгаа. Энэ өдөр олон эцэг эх өглөө эртлэн босч ойролцоох буюу харъяаллын цэцэрлэгийн үүдийг сахиж, цэцэрлэгийн багш, эрхлэгч, асрагч нар үнэд орж байгаа.

 

БСШУЯ-наас гаргасан шийдвэрээр наймдугаар сарын 19-23-ны хооронд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэх бол 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэнэ. Ингэж шинэ хуучнаар ялгахын учир нь хүүхдүүдийн хамран сурах тойргийг тодорхой болох гэснийх гэнэ. Гэхдээ амьдрал дээр энэ мэт журам мөрдөгдөнө гэдэг үлгэр. Шинэ хуучин гэхгүй эхний өдөр л хүүхдээ бүртгүүлж цэцэрлэгийн бүрэлдэхүүнд багтаавал эцэг эхчүүдийн хүсэл биелэнэ.

 

Хэн шинэ хүүхэд бүртгэх өдрийг хүлээн гэртээ суух билээ. Харин ч өнгөрсөн долоо хоногт гудамж талбай, цахим хуудаснаа цэцэрлэгт таньдаг хүнтэй, хүүхэд оруулж өгөх хүн байна уу. Шовгор хайрлахгүй гэх мэт зар, аккаунтууд их байлаа. Хамгийн цалинтай хэмээн гомдоллодог цэцэрлэгийн багш, асрагч нар ийм сайхан боломжийг алдахгүй нь ойлгомжтой. Хоёр гурван хүүхэд шургуулж тав арван цаас олохыг хэн ч үгүйсгэхгүй, буруутгахгүй.

 

Энэ жилийн хувьд 2-5 насны 240 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байгаа бөгөөд 60-70 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой тухай албаныхан мэдээлж байгаа. Учир нь цэцэрлэгийн барилгын хүчин чадал хангалтгүй байгаагаас нэг ангид заасан тооноос хэтэрсэн хүүхэд хүмүүжих болж байна. Мөн эмээ өвөө, ах эгч, цоожтой хаалганд даатгагдан үлдэх хүүхэд болох нь бүртгэлийн дараа тодорхой болно. Нэгэнт цэцэрлэгийн насныхныг цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүйгээс хойш Хүүхэд харах үйлчилгээг хуульчлахыг эцэг эхчүүд тэсэн ядан хүлээж байна.

 

Байдал ийм байхад цэцэрлэгийн өмнөх насны боловсролоос эхлээд авлига, арын хаалга салахгүй нь.