“НОЁД” группээс гаргасан мэдэгдэл


 “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржтой холбоотой сөрөг мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Ноёд” группээс  дараах албан ёсны мэдэгдлийг  хийж байна.

 

“Ноёд” группийнн ерөнхийлөгч Г.Буяндоржийн талаар хэт үнэнийг гуйвуулсан, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлуудтай холбон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад тус группийн хамт олны зүгээс харамсаж байна.

 

Хэвлэлээр гарч буй Хятадын “Тайшинь” ХХК-тай аж ахуй нэгж хоорондын гэрээний маргаантай асуудал юм.  Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагуудтай ямар ч холбогдолгүй нь нотлогдон, хууль хяналтын байгууллагын харъяаллаас нэгэнт гарсан нь батлагдсан. Тиймээс манай групп болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээ хэлцлийн асуудлыг хэт дэвэргэж, Монгол улсад хохирол учруулсан, улсын төсөв, хөрөнгө, мөнгө шамшигдуулсан,  Монгол улсын эдийн засагт хохирол учруулсан мэтээр нийтэд ойлголт төрүүлж байна.   

 

Түүнчлэн С.Билэгт гэгч эмэгтэй “Ноёд констракшн” ХХК-ийн мөнгийг булааж авах бусармаг, шунахайн сэдлээр дээрх гүтгэлгийг зохион байгуулалттайгаар явуулж байна гэж үзэж байна.

 

Тиймээс бид дээрх гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг олон нийтэд удаа дараа хүргэж байгааг эсэргүүцэн, холбогдох хууль, хяналтын байгууллагад хуулийн дагуу хандаад байна.

 

Иргэн С.Билэгт нь “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан, өмнө нь залилангийн хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан. Одоо иргэдээс болон “Ноёд констракшн” ХХК-ийн мөнгө, хөрөнгийг залилан авсныг хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн Нийслэлийн ШШГЕГ-ын 404 тоот өрөөнөөс тус “Ноёд констракшн” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа болно.    

 

Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хоёр талаас албан ёсны тайлбар авалгүйгээр  нэг талыг барьж мэдээлэл хүргэж байгаагаас Г.Буяндоржийн гэргий, МУГЖ Т.Ариунаа болон түүний үр хүүхдүүдэд хүндээр тусч, ажил хөдөлмөр эрхлэх, тайван амьдрах нөхцөлгүй болж байна. Тиймээс иргэн С.Билэгт болон түүний хамсаатнуудаас энэхүү увайгүй, явуургүй, бусармаг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ.

  “НОЁД” групп