Хүүгээ хаясан ээж бас л “согтуу” явж байна гэнэ


Өнгөрсөн 2 сард Дорноговь аймгийн Ихэд суманд гэртэйгээ шатаж хүний гарт орж, төрсөн ээждээ хаягдсан 15 настай Э.Алтангэрэл хүүгийн биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байна.  Э.Алтангэрэл хүү тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явахаар болжээ. Түүний урилга удахгүй ирэх бөгөөд санхүүжилтийн асуудал нь хүндхэн байгаа тухай Оюунлаг Нийгмийн Залуус ТББ-ын тэргүүн Т.Баярбат хэллээ. Хүүгийн эмчилгээнд зориулж сайн санаатай хүмүүс мөнгө төгрөг, эд материал хандивласан ч, Солонгос улсад нэлээдгүй удаан хугацаанд эмчлүүлэх учраас ойролцоогоор 15 сая төгрөг дутаж байгаа аж.

 

 

Хэрэв мөнгө, санхүүгийн асуудал бүтвэл ирэх 8 дугаар сард Э.Алтангэрэл хүү Солонгос улс руу хагалгаанд орохоор явах юм. Эхний ээлжинд шатаж,  түлэгдсэн хөлийг нь тэнийлгэж, арьс нөхөж сорвижсон хэсгийг нь  лазерийн аргаар арилгуулах аж. Мөн тархины хэвийн бус үйл ажиллагааг нь эмчлүүлэх юм байна.Э.Алтангэрэл хүү одоогоор “Энэрэл” эмнэлэгээс шилжин “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Солонгос улсаас ирсэн шарханд түрхдэг тос болон наалтыг хэрэглэж байгаа аж. Эмнэлэгийн зүгээс ч шаардлагатай эмчилгээг хийсээр байгаа бөгөөд үүний хүчинд өдрөөс өдөрт бие нь тэнхэрч байна. Гэвч  түүний ээж Эрдэнэчимэг одоо болтол хүү дээрээ ирээгүй л байна. Анхнаас нь хүүд тусалж, сэтгэл санаагаар дэмжин, эрүүл саруул хүн болгохын төлөө тэмцэж байгаа Оюунлаг Нийгмийн Залуус ТББ-ын тэргүүн Т.Баярбатаас ээжийнх нь талаар тодруулахад “Ээжийг нь хайтал олдохгүй байсан. Гэтэл миний таньдаг хүн Алтангэрэл хүүгийн ээж Эрдэнэчимэгтэй таараад барьж авч байж надтай утсаар холбоо бариулсан. Би ээжид нь хүүгийн бичиг баримтыг яаралтай авчирч өгөөч, ирж надтай уулзаач гэж хэлсэн. Хэрэв ирэхгүй бол хуулийн байгууллага, нутгийн удирдлагатай нь ярьж албадан авчруулна гэдгийг ч мөн сануулсан. Ээж нь бас л согтуу явж байна гэсэн” гэлээ.

 

 

Ямартаа ч Т.Баярбат хүүг Солонгос руу эмчилгээнд явуулахаас өмнө ээжийг нь авчирч уулзуулна гэв. Ингэхдээ хүүгийн бүхий л бичиг баримтыг нь шилжүүлж, улсаас олгодог мөнгө, тэтгэмжийг зөвхөн Э.Алтангэрэл хүүд өөрт нь өгч байхаар шийдвэрлүүлнэ гэдгээ хэллээ. Мөн Э.Алтангэрэл хүүгийн дүү болох 2 дугаар ангид сурдаг Э.Эрдэнэбаярийг авах талаар хөөцөлдсөн ч бүтээгүй байна. Т.Баярбат энэ талаар “Э.Эрдэнэбаяр одоогоор нутагтаа айлд зарцлагдан, уяач айлд хурдны морь унаж байгаа юм билээ. Эрдэнэбаяр хүүг авчрах талаар хөөцөлдсөн боловч ээж нь өгөхгүй гээд уурлаж байна лээ. Орох орон, хамаатан садан гэх хүмүүс байхгүй болохоор Эрдэнэбаяр хүүг зун болохоор айлтай гэрээ хийгээд морь унуулах, ажил хийлгэхээр өгчихдөг юм байна лээ. Тэгэхээр бид мөн л Эрдэнэбаяр хүүг цаашид хэрхэх талаар зөвлөлдөнө. Ээжийг нь ирэхээр энэ асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлж өгнө” гэв. 

 

 

15-хан насандаа гэртэйгээ шатаж хүндээр түлэгдэн биеийн зовлон эдэлж, 15-хан насандаа ээждээ хаягдан сэтгэлийн зовлон эдэлж байгаа Э.Алтангэрэл хүүд хорвоо дэндүү хатуурхаж байгаа ч сайн санаат Монгол ахан дүүс түүнд ус уух тавиланг хайрласан. Тэр өдрөөс өдөрт тэнхэрч байна. Түүнийг илүү их тэнхэрч, хөл дээрээ босоод алхах тэр тус дэм уншигч танаас ч шалтгаална. Сайн санаат монголчууд минь дахиад жаахан л хүүд туслаач. Тэр бүрэн эдгэх болноо. Хаан банк 5028 55 4746 , Оюунлаг Нийгмийн Залуус ТББ холбогдох утас 88001914

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ www.aravt.mn