Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт БНХАУ- ын 60 гаруй ажилчин казах иргэдийг барьцаалсан хэрэг уржигдар шөнө гарчээ. Хэргийг тодруулбал, шөнийн 00.00 цагийн орчим тус сумын харьяат Д нь гурван хүний
хамт “Ланд- 80” маркийн автомашинтай Толбо нуурын ойролцоо түр зогссон байна. Гэтэл ойролцоо зам засварын ажил хийж байсан хятад иргэн машиныг нь том оврын машинаар мөргөчихжээ. Ингээд автомашины эзэн болон хятад ажилтны дунд маргаан үүссэн байна. Анхандаа хятад ажилтан Д-гийн машиныг мөргөсөн буруугаа хүлээн зөвшөөрч, цагдаа дуудалгүй асуудлыг шийдвэрлэхээр тохирсон байна. Хятадууд хоорондоо хэсэг ярилцсаны дараа эхний тохиролцооноосоо буцаж Д-тэй хамт явсан хүмүүсийг тал талаас нь бүчиж эхэлжээ. Ойролцоогоор 60 гаруй хятад ажилчин гартаа чулуу, зарим нь төмөр барьчихсан хүрээд ирсэн аж. Тэд хоорондоо хятадаар чанга чанга ярьж, 02.00 цаг хүртэл жолооч болон хамт явсан иргэдийг явуулалгүй барьцаалсан байна. Удалгүй Толбо сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газар очсон ч хятад иргэд гартаа зэвсэггүй төрийн цагдааг хүртэл барьцаалсан байна. Ингээд аймгийн төвөөс нэмэлт хүч дуудсаны хүчинд 03.00 цагт барьцаалагдсан иргэдийг суллажээ. Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлтээр ирж шуурхай арга хэмжээ авсны дүнд аз болоход хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.
Төрийн цагдаа иргэнээ хамгаалж чадалгүй тусламж хүссэн иргэдтэйгээ хамт барьцаалагдсан учраас энэ хэргийн талаар аймгийн цагдаагийнхан тун чиг нууцалж байгаа сурагтай. Хэргийн талаар тодруулахаар Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын дарга Жимсгүлтэй холбогдсон ч “Хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн товчхон хариултыг өгсөн юм. Харин Толбо сумын хэсгийн төлөөлөгч А-гаас тодруулахад “Хятад ажилчид казах иргэдийг барьцаалсан нь үнэн. Гэхдээ энэ тухай тодорхой мэдээлэл өгч болохгүй” хэмээн дүргүйцэв. Тус суманд зам засварын ажил хийхээр өнгөрсөн жилээс эхлэн хятад ажилчид цувж эхэлсэн байна. Одоогоор тус суманд 200 гаруй хятад иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Энэ удаагийн хэргээс хятад ажилчид гартаа чулуу, төмөр зэрэг гарын доорхи эд зүйлсээ бариад бослого гаргахад ойрхон байгааг харж болохоор байна. Урд хөршөөс вагон вагоноор ирдэг хятад ажилчдын тоог хязгаарлах хэрэгтэй гэж иргэд эрх мэдэлтнүүдэд байнга сануулдаг. Үүний хариуд тэд хэт үндсэрхэг үзэл гаргалаа, төрийн бодлогоор зохицуулна гэх мэт уран үгээр ам таглаад л өнгөрдөг. Тэгвэл одоо төрийн бодлогоо хэрэгжүүлж эхлэх цаг болчихжээ. Толбо сумынхан хятадууд монгол иргэдийг барьцаалсан хэргийн дараа хятад ажилчдыг нутаг буцаахыг эрх мэдэлтнүүдээс шаардаж эхэлсэн байна. Нэг л өдөр суманд нь бослого гаргахаас сийхгүй хэмээн эмээсэн бололтой. Гэтэл аймгийн цагдаагийн газрынхан ийм хэрэг гарсныг олонд мэдэгдэхгүйгээр хав дараад өнгөрүүлэх сонирхолтой байх шиг.
Ингээд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарменаас болсон явдлын талаар тодруул лаа. Тэрбээр аймгийн цагдаагийнхантай хамт Толбо суманд ажиллаад иржээ.
-Таныг очиход нөхцөл байдал ямархуу байсан бэ?
-Би уржигдар газар дээр нь иргэдтэй уулзаад ирлээ. Бие биенийгээ ойлгоогүйгээс болсон байна. Хятадуудын тавьж буй шинэ замаар казах иргэн зөвшөөрөлгүй явсан юм байна. Хараахан ашиглалтанд ороогүй байсан зам бололтой. Үүнд хятад иргэд дургүйцэж хэл ам үүсгэсэн. Удалгүй нөгөө казах иргэний машиныг нь нэг хятад ажилтан ирээд мөргөчихөж. Санаатай, санаандгүй аль нь болохыг нь мэдэхгүй юм. Ингээд цагдаа шүүхдээ тулсан байна. Бусдын хөдөлмөрийг хүндэтгээгүй нь манайхны буруу, нөгөө талаас хүний машиныг нь мөргөж, төрийн цагдаад хүндэтгэлгүй хандсан хятад иргэдийн буруу ч бас бий.
-Төрийн цагдаад хүндэтгэлгүй хандсан гэхээр шаардлагыг биелүүлээгүй гэсэн үг үү?
- Цагдаа хуулийн дагуу шаардлага тавьсан юм билээ. Харин хятад ажилчид шаардлагыг нь хүлээж аваагүй. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газар болоод хүчний байгууллагынхныг дуудсан юм билээ.
-Хятадууд чулуугаар зэвсэглэсэн байсан гэж үнэн үү ?
-Тодорхой мэдэхгүй байна. Юутай ч асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хэргээс болж гэмтэж бэртсэн хүн байхгүй. Хэрэг гарах үед хятад ажилчдыг ахалж байсан хүн байгаагүй юм билээ. Казах иргэдийн машиныг мөргөсөн нь хэнийх нь буруу вэ гэдгийг хууль хяналтынхан тогтооно биз. Түүнээс миний зүгээс тэрний буруу гэж хэлэх боломжгүй шүү дээ. Одоогоор зам засварын ажилчдыг цагдаагийн газар шалгаж байгаа. Өмнө нь манайд хятадуудтай үл ойлголцсон ийм хэрэг гарч байгаагүй.
-Зам засварын ажилд хэр олон хятадууд ажилладаг вэ?
- Намайг Толбо сумын нутагт очиход 20 гаруй хятад ажилчин байсан. Ер нь тус суманд албан бус тоогоор 200 гаруй хятад иргэн бий. Зам засварын газар ажилладаг 70 гаруй монгол хүн бас бий. Дандаа хятадууд ажилладаг гэж ойлгож болохгүй. Удахгүй БНХАУ-аас Монголд Улсад суугаа Элчин сайд манай аймагт айлчилна. Одоо Ховд аймагт ажиллаж байгаа. Энэ удаа манай аймагт албаны шугамаар ирж байгаа юм. Түүнээс энэ хэрэгтэй холбогдуулан ирээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав